ТАРХИ, НУГАСНЫ ГҮНИЙ ТӨВӨГТЭЙ БАЙРЛАЛ ДАХЬ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн тархи, нугасны гүний байрлалтай, мэс заслаар авахад төвөгтэй, нэвчсэн хавдрыг эмчлэх технологи нэвтрүүлжээ. Эл эмчилгээг Монголд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, тус эмнэлгийн мэс заслын хоёр эмч, нэг сувилагчийг БНТУ-д хоёр сарын хугацаанд дадлага сургалтад хамруулсан байна.
Энэ тухайд УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир “Тархи, нугасны гүний байрлал дахь хавдрын эмчилгээ хийлгэхээр жилд 20 гаруй иргэн гадаад улсыг зорьж байна. Манай эмнэлэгт жилд 50 гаруй хүн энэ ийм оношоор ханддаг. Турк улсад суралцаж ирсэн эмч нар одоо байгаа тоног төхөөрөмжөө ашиглан, энэ төрлийн мэс заслыг хийж байна. Ирэх сарын дундуур шинэ тоног төхөөрөмж хүлээж авна.
Өөрөөр хэлбэл, энэ төрлийн мэс засал хийхэд шаардлагатай, 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдвэрлэсэн. Ингэснээр гадаад руу явах урсгалыг багасгана. Тоног төхөөрөмжөө хүлээн авснаар тархи, нугасны гүний илүү хүнд хэлбэрийн мэс засал хийх боломжтой болно. Мөн бид гол судасны цүлхэнгийн хүнд хэлбэрийн хуулбараар оношлогдсон иргэдэд мэс засал хийж байна. Ийм оноштой иргэд гадаадад эмчлүүлэх боломж хязгаарлагдмал.
Яагаад гэхээр онгоцонд суухыг хориглох заалттай. Богино хугацаанд хүндэрч, нас барах эрсдэл өндөр. Энэ чиглэлээр хоёр эмч, сувилагчийг БНСУ-д сургасан. Эхний хоёр тохиолдолд мэс засал хийгээд байна. Гол судасны цүлхэнгийн хүнд хэлбэрийн хуулрал, цуурлын үед яаралтай мэс засал хийх шаардлагатай байдаг. Харин хөнгөн хэлбэрийн оноштой хүмүүс гадаадад эмчлүүлэх боломжтой” гэв.