САЙД НАРЫН ТӨСВӨӨС 0.3 ХУВИЙГ ТАНАЖ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ
2026 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Ирэх жилийн төсөвт сонгуулийн санал тоолох хар машиныг шинээр 3000 ширхгийг авах төсвийг суулгаад байгаа юм.
Манай улс анх 2012 оноос санал тоолох машиныг сонгуульдаа хэрэглэж байсан бөгөөд үүнээс хойш шинэчлээгүй. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмжөө шинэчлэх шаардлага үүсээд байгаа аж. Ирэх жилийн төсөвт Боловсрол, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бусад яамны урсгал зардлаас 0.3 хувийг хасаж, санал тоолох төхөөрөмжийн санхүүжилтийг гаргах горимын саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр гаргаж дэмжигдсэн.
Манай улсад нийт 3500 санал тоолох төхөөрөмж байдаг бөгөөд өнгөрсөн онд төсвийн тодотголоор 500 ширхгийг шинэчилсэн бол үлдсэн 3000-ыг нь солих зайлшгүй шаардлага үүссэн. 3000 ширхэг санал тоолох төхөөрөмжийг нийт 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авах юм байна. Ирэх жилийн төсөвт санал тоолох төхөөрөмжийн төсвийг суулгахгүй бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө худалдан авч амжихгүй аж. Тиймээс ирэх жилийн төсөвт суулган, санал тоолох төхөөрөмжөө шинэчилж байж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах боломжтой гэдгийг СЕХ-ныхон мэдээлж байгаа юм.
