НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ, PM10 ТООСОНЦОР ӨМНӨХ ОНООС ИХ ГАРЧЭЭ
Өнгөрсөн долоо хоногийн буюу энэ сарын 20-26 өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарын индексийг гаргажээ. Тодруулбал, Нисэх орчим цэвэр болон хэвийн, 100 айл, Зурагт, Дамбадаржаа, Хайлааст, Шархад, Налайх, 13-р хороолол, Мишээл экспо, Ургах наран хороолол, Яармаг, 1-р хороолол, Толгойт, Баянхошуу, Баруун 4 зам, 5 буудал, Зайсан орчим бага бохирдолтой гарчээ. Тэгвэл Цахилгаан станц орчим бохирдолтой түвшинд гарсан байна.
Улаанбаатар хотын агаарыг түгээмэл бохирдуулдаг бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM 2.5/ нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/ зэргийг өмнөх оны энэ үетэй харьцуулсан мэдээллийг хүргэж байна. Хүхэрлэг хий /SO2/ өмнөх оны энэ үед стандартаас их давсан буюу 60 мкг байсан бол энэ онд хэвийн хэмжээнд буюу 40 мкг байна. Тэгвэл азотын давхар исэл буюу (NO2) өмнө жилийн энэ үеэс их гарчээ.
Мөн PM10 тоосонцор стандарт хэмжээнээс 20 мкг их гарсан нь өмнөх оны энэ үеэс өссөн үзүүлэлт болжээ. Харин PM2.5 тоосонцрын хэмжээ өмнөх оноос буурсан байна. Тодруулбал, өмнөх оны энэ үед 50 мкг буюу стандартаас 10 мкг их байсан бол энэ онд хэвийн түвшинд гарчээ. Улаанбаатар хотын агаарын чанарыг MNS45855:2025 стандартын дагуу тогтоодог байна.




