УИХ-ЫН ГИШҮҮНИЙ 12 САРЫН ТЭТГЭМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ 100399 ИРГЭН ДЭМЖЛЭЭ
УИХ-ын гишүүд дахин гишүүнээр сонгогдож чадаагүй бол 12 сар тэтгэмж авах нь хуульд нийцэхгүй байна хэмээн иргэн Ц.Батболд өргөдөл гаргасан нь 100399 иргэний гарын үсэг цуглуулжээ.
Иргэн Ц.Батболд өргөдөлдөө "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тодорхой хувь хэмжээгээр олгохоор хуульчилсан. Энэ заалтаар ажилгүйдлийн тэтгэмжийн дээд хэмжээг хамгийн ихдээ ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 180-аас дээш сар бол сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийн 70 хувиар тооцож олгохоор заасан байна.
Энэ заалт нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн Монгол Улсын бүх иргэнд хамаарах, адил тэгш үйлчлэх хуулийн заалт юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дах хэсэгт улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил, бүрэн эрх нь төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл дээрх бүрэн эрхийн хугацаа, бүрэн эрх нь дуусгавар болоход улсын их хурлын гишүүн нь Монгол Улсын жирийн иргэн гэх статустай болно. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэсэн нь тодорхой хэсэг, бүлэг этгээдүүдэд давуу байдал бий болгосон, цөөнхийн эрх ашигт нийцсэн, адил хүчин чадалтай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Монгол Улсын нийт иргэн болон улсын ашиг сонирхолд хохиролтой, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтудыг зөрчсөн байна. Хууль тогтоогч өөртөө хуулийн аргаар илт давуу байдал бий болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн өмнөтгөл хэсгийн Монголын ард түмэн бид: “...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн тунхаглалтай шууд зөрчилдөж байна" гэсэн юм. Санал хураах хугацаа энэ сарын 28-нд дуусах бөгөөд иргэдийн санал 100 мянгад хүрснээр Өргөдлийн байнгын хороогоор энэ саналыг авч хэлэлцэх, дэмжигдвэл энэ асуудлаар хууль санаачлах эрх нээгдэх юм.
