СУРАГЧДЫН БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГ ИРЭХ ДАВАА ГАРАГТ ЭХЭЛНЭ

GNNGNN
Oct 15, 2025  
 0
СУРАГЧДЫН БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГ ИРЭХ ДАВАА ГАРАГТ ЭХЭЛНЭ

2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас доорх байдлаар танилцуулсан. Энэ хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байна.

Тодруулбал, өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан. Ингэснээр бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амраад, ирэх жилийн нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Өөрөөр хэлбэл ид хүйтрэх үед хүүхдүүдийг илүү урт хугацаагаар ханиад томуугаар өвчлөхөөс сэргийлж, амраах ёстой гэж Боловсролын яам үзсэн юм.

Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-нд хичээлдээ орно.

Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэнэ.

Нэмээд бие даалтын долоо хоног гэж бий болсон. Тодруулбал, эхний бие даалтын долоо хоног тав хоногийн дараа буюу энэ сарын 20-нд эхэлж, 24 хүртэл хичээлийн тав хоног үргэлжилнэ. Энэ тав хоног сурагчид танхимаар хичээллэхгүй гэсэн үг.