ТҮМЭН ОЛНЫХОО БАЯРЫН ЗООГИЙГ НЬ ЗААТЛАА ТАХИН ШҮТЭГДСЭН ГЭЖ ЭНДҮҮРСЭН ДАРГА НАРЫН СОЛИОРОЛ
Монголын үе, үеийн удирдагч нар алив зүйлийг дээдлэн залах тухай зарлиг, тогтоол гаргаж ирсэн байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Баганбанди морин хуурыг, Монголын нууц товчоог, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны эш хөрөг, морин хуурыг дээдлэн залах зарлиг гаргаж байв. Бас нэг үндэсний удирдагч гараа алдалж мэндчилэх тухай заасан, сүүлдээ мүүний мэндчилгээ болчихсон ч бил үү.
Хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийг төрийн байгууллагууд болон айл өрх бүр дээдлэн залах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг мөн баталсан. Энэ тогтоол маргаашнаас хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд та бид дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ Үндсэн хуулийг ард түмэн биш, харин төрийн гурван өндөрлөг, төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд л тачигнатал цээжилж бурхны лүндэн мэт тахин шүтэж дагаж явах ёстой эд юм, уул нь. Ард түмэн яах вэ Үндсэн хуулиа тэртэй тэргүй л мөрдөж явна, нэг бяцхан зөрчих гэвэл төр засгийн хууль шүүх, цэрэг цагдаа анаад байж байхад гэртэй залсан ч залаагүй хамаагүй эд. Харин утаан дунд угаартуулж амьд явах эрхийг зөрчдөгөөрөө, эрүү шүүлт явуулдгаараа, төр олон нийтийн хөрөнгө мөнгийг хулгайлдгаараа, битүү түгжрэл үүсгэж амьдрах таатай орчин бий болгох гэдгүйгээрээ төр засгийнхан л дээдлэн дагах зүйл бол мөн л дөө. Энэ бүгд дутуу байсан юм байлгүй, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва гэж хүний гарын үсэгтэй “Битүү шөл” хийж идэх тухай албан бичиг цахим орчинд тархаж шуугиан тарьлаа. Олон нийтийн дургүйцлийг энэ албан бичиг нэлээд ихээр хүргэв. Зөвхөн уриалсан албан бичиг байгаад зогсохгүй өндөр өртгөөр бүтээсэн рекламууд хөвөрч, мэдээлэлд ойр удирдлагатай зарим бизнесийн байгууллагууд нь зоогийн газрын цэсэндээ өөрчлөлт оруулж, битүү шөл хийгээд эхэлсэн нь хардлага төрүүлээд байгаа юм. Ер нь сүүлийн үед элдэв хууль, тогтоолын ард нуугдсан мөнгө идэх арга гаарч байгаа. Соёлын яамны 18 тэрбумын ваучер ч хуульд орчихсон заалт шүү дээ.
Харин “Битүү шөл” ч гэсэн нийтдээ чамгүй мөнгө төсөвлөгдсөн эд гэдгийг олон нийт яриад эхэлсэн. Үүнийг нь батлах мэт сошиал инфлүүнсрүүд “Битүү шөл”-ийг өдөр шөнөгүй магтаж, бусад улсуудын Улс тунхагласны баяраараа иддэг тусгай хоолны сайхныг шагшиж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бараг л шинэ нээлт хийчихсэн аятай бичиж байна. Тэгвэл энэ талаараа УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва “Судалгаанаас харахад, залууст Цагаан сар 78 хувьтай, наадам 83 хувьтай хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бол Улс тунхагласны баяр, тусгаар тогтнолын өдөр зэрэг баяруудын ач холбогдлыг залуус сайн ойлгодоггүй учраас бусад тэмдэглэлт өдрүүдээс нэг их ялгарал байхгүй байна гэж үзсэн. Ширээ засаад халуун ам бүлээрээ хоол идэх юм бол баярын уур амьсгал бүрддэг гэсэн социологийн судалгаан дээр үндэслээд ийм уриалга дэвшүүлж байгаа юм. Мөн Монгол хоол үйлдвэрлэгчдийн холбоотой хамтраад битүү шөл хийж идэх жор гаргаад гадуур тарааж байгаа” гэсэн тайлбарыг хэвлэлд өгсөн байна лээ. Харамсалтай нь өнөөдөр битүү шөл хийгээд ширээ тойрч баяр тэмдэглэхээсээ илүү бүтэн талхтай байх эсэх нь эргэлзээтэй амьдрал олон байгаа тухай сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч байна.
УИХ-аас ноднин жилийн долдугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталж, УИХ-ын даргын 2024 оны 117 дугаар захирамжаар уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгээс санаачлан хийж байгаа ажлуудынх нь нэг хэсэг нь Үндсэн хуулийг дээдлэн залах, битүү шөл хийж идэх зэрэг ажлууд бололтой юм. Төр засгаас зааж зааварласан зүйл байхгүй гэж тайлбарласан байна лээ. Гэвч албан бичигт нь сургуулийн сурагчдад гэртээ битүү шөл хийх гэрийн даалгавар өгч, суртал ухуулга маягийн сурталчилгаа хийж телевизүүдийн оргил цагаар гаргаж байгаа зааж зааварласан үйлдэл болчихоод байгаа юм. Дээрээс нь энэхүү рекламаа төсвийн мөнгөөр хэдийнэ хийчихсэн байж.
Ёстой л “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн хандлагаар асуудалд хандаж байгаа явдал болж байна. Уг нь бид өнөөдөр улсынхаа төсвийг яаж алдагдалгүй батлах вэ гэдэг дээр Ерөнхийлөгчөөсөө эхлээд толгой гашилгаж суугаа. Олонхоороо хүч түрээд баталчихсан төсөвт нь хориг тавьж, УИХ нь хасаж, танахаар болчихсон. Хэт үрэлгэн, урсгал зардлаа танахад л боломжийн хэмжээний төсөв батлаад зогсохгүй, өөр хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт хийх хэмжээний төсвийг хэмнэж болно гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Гэтэл нөгөө талдаа энэ мэт байдлаар “Битүү шөл” хийхийг ард түмэндээ зааварлаж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа нь харамсалтай.
Монгол Ардын Намынханд нэг том алдаа байгаа нь өөрсдийгөө ард түмэндээ тахин шүтэгдсэн удирдагч, нам,өөрсдийгөө бараг л хувьсгалын өмнөх үеийн VIII Богд Жавзандамбын дайны хүндтэй, юу хэлсэн ч хүү хаа гээд дагаж биширнэ гэж боддог явдал. Өнгөрсөн түүхийн 70 илүү жилд ийм шүтэгсэдтэй байсан байх. Тэгэхгүй бол амьд явахгүй, аятайхан амьдарч болохгүй үед өөр ч ямар байх вэ. Гэвч Монгол Улс ардчиллын замаар замнаад 30 гаруй жил болж байгаа энэ цаг үед өөрсдийгөө тэр хэвээрээ гэж бодох нь улс төрийн солиорлын нэг хэлбэр юм. Сүүлийн гурван сонгууль дараалан ялалт байгуулж, төрийн эрх барьж байгаа нь тэднийг ийн солиорол тусахад ч нөлөөлсөн биз. Гэвч үнэндээ нийт сонгогчдын 40 хүрэхгүй хувийг мөнгөөр худалдан авч төрд гарч ирчихээд ингэж авирлаж байгаа нь ирээдүйн асар том алдааных нь эхлэл болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Ард түмний амьдрал өөдлөн дэвжиж байна гэдэг гоё ганган үгэнд чинь итгэж хууртахгүй, та нарт саналаа худалдаагүй үлдсэн 60 хувьдаа таарсан бодлого боловсруулж, улс орноо удирдаж байж та бүхний найр цаашид үргэлжилнэ гэдгээ бодолцох ёстой. Төсвийн мөнгө уйлдаггүй, ард түмэн бол цагаан цаас гэсэн ойлголтоор ажлаа явуулж, өөрсдийгөө “Богд оо, боов хайрла” хэмжээнд тахигдсан гэж эндүүрч хэрхэвч болохгүй.
Өнөөдөр түмэн олныхоо хайр талархал, хүндлэлийг авч, хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч лав алга. Хэрэв үнэхээр ингэж эндүүрч, эргэн тойрны зусардагч нар чинь энэ мэт ойлгуулаад байдаг юм бол та бүхний тахилын зоог харин “Битүү шөл” болж мэдэхийг үгүйсгэхгүй. Ер нь айлын оройн хоолны саналд оролцох хэмжээнд ортлоо доошоо орсон. Эсвэл юу хийж идэхийг нь заах хүртлээ өөрсдийгөө шүтэгдсэн гэж ойлгосон эсэхийг хэлж мэдэхгүй юм.
Гэхдээ л малаа яаж маллахаа марксизмаар заалгаагүй ард түмэн баярын ширээний зоогоо яаж хийхээ заалгана гэж ойлгох нь мөн ч том эндүүрч байгаа хэрэг юм.