ИРГЭНИЙ МӨНГӨН ХАНДИВ 10 САЯ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙНХ 30 САЯ ТӨГРӨГӨӨС ХЭТРЭХГҮЙ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчдэд зориулж, Сонгуулийн ерөнхий хорооноос зардалтай холбоотой асуудлаар зөвлөмж гаргажээ. Үүнд,
-Нэр дэвшигчид зургаадугаар сарын 13-наас өмнө Үндэсний Аудитын газарт зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлэх;
-Зардлын данс нээсэн өдрөөс нь хойш авах мөнгөн хандив нь иргэн 10 сая төгрөг, хуулийн этгээд 30 сая төгрөгөөс хэтрэхгүй байх;
-Хандив өгч байгаа иргэн нь нэр, хандивын эх үүсвэрийн мэдээлэл, регистрийн дугаарыг, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ гүйлгээний баримтад тусгана. Энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаах, буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх;
-Мөнгөн бус хандивыг зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 26-ныг дуусталх хугацаанд зөвхөн тухайн нэр дэвшигчид өгнө. Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн гэрээгээр хэмжээг тогтоож, уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байх;
-Нам эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхлэн сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны долоодугаар сарын 28-ныг дуусталх, нам эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд сурталчилгаа явуулах зориулалтаар зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргах;
-Нам эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг 2024 оны зургаадугаар сарын 25-нд нийтэд ил тод мэдээлж, Үндэсний Аудитын газарт хүргүүлэх;
-Нам эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн дотор, сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны долоодугаар сарын 28-ны өдрийн дотор Ерөнхий аудиторын А/45 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын дагуу зардлын тайлангаа гарган, хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, Үндэсний Аудитын газарт хүргүүлнэ.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх аж. Зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо дараагийн сонгуульд оролцоход нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.