МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАЯРТСАЙХАНЫГ АТГ-ААС СААТУУЛЖЭЭ

GNNGNN
Oct 25, 2024  
 0
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАЯРТСАЙХАНЫГ АТГ-ААС СААТУУЛЖЭЭ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас өчигдөр 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалт буюу бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.  Н.Баяртсайхан нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.