ДАРХАН ЦААЗАТ БУЛГАН УУЛАНД НЭМЖ 16 ЯНГИР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, ТОО ТОЛГОЙ НЬ 31-Д ХҮРЧЭЭ

GNNGNN
Jun 11, 2024  
 0
ДАРХАН ЦААЗАТ БУЛГАН УУЛАНД НЭМЖ 16 ЯНГИР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, ТОО ТОЛГОЙ НЬ 31-Д ХҮРЧЭЭ

Богдхан уулын дархан цаазат газраас янгир сэлгэн нутагшуулах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд Ховд-Улиастай, Алтай-Улаангом чиглэлд, Хөвсгөл аймгийн Жаргалант сум Жаргалант хайрхан уул, Архангай аймгийн Булган ууланд тус тус нийт 28 тооны янгирыг сэргээн нутагшуулсан билээ.

Тус газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээлснээр, янгир сэргээн нутагшуулах ажлын үргэлжлэл болгож, энэ онд дахин 16 янгирыг 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Дархан цаазат газар болгон хамгаалалтад аваад буй Архангай аймгийн Булган ууланд шилжүүлж, сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэжээ.

Булган ууланд нутагласан янгирын сүрэг үр төлөө өгч эхэлсэн байна. Архангай аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын 1999, 2000, 1992, 1994 оны төгсөгчид хамтран “Бодь” группийн хөрөнгө оруултаар өндөр улаан тэх 1, 11 эмэгж, 2 борлон, 2 ишиг, нийт 16 янгирыг нутагшуулснаар Булган уул нийт 31 янгиртай болжээ.

Өнгөрсөн хавар, зун нэг тэх, 12 янгирыг нутагшуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар гурван ишигтэй болсон байна. Тус ажлыг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи агнуур зүйн ангийн багш, оюутнууд, төгсөгчдийн баг гүйцэтгэжээ.

Янгир сэргээн нутагшуулах ажлыг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.

Богдхан уулын дархан цаазат газраас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрхан ууланд 10 янгир сэргээн нутагшуулах, шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй юм байна.

Д.