Н.НОМТОЙБАЯР: ЭРХ БАРИГЧ ГУРВАН НАМ ГАДНААС ЗЭЭЛ АВАХ, БОНД ГАРГАХ ТУХАЙ Л ЯРЬЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр 2025 оны төсөв болон эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ирэх 4 жил иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг эрх ашгийг хамгаалж сөрөг хүчний ажлаа хийнэ. Бид хяналт тавихаас гадна зөв шийдлүүдийг санал болгоно. Ингэхдээ хэд хэдэн суурь зарчмыг баримтална. Төрт ёсны хэм хэмжээг баримтална. Нийгэм эдийн засагт үүсэж болох хохирлыг тооцохгүйгээр хий хоосон улс төр хийхгүй. Мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллана. Гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, төрийн тогтвортой байдал яах аргагүй чухал. Энэ чиглэлд хэм хэмжээгээ тохируулж ажиллана. Төрийн хар хайрцагны бодлого гэж бий.
Өнөөдрийг хүртэл коммунист суурин дээр эдийн засгийн тогтолцоо маань явж байна. Маш олон төрийн өмчит компани байна. 40-60 хувь нь алдагдалтай ажилладаг. Засгийн газар хувьчилна гэдэг ч ярианаас хэтэрдэггүй. Үндэсний эсвэл төрийн өмчит үйлдвэрийн газруудын хэтийн ирээдүйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг тун удахгүй санаачилна. Өнөөдөр төсвөөс цалин авдаг 300 мянга орчим иргэн байна. Төсвийн дийлэнх хувийг энэ хүмүүс авдаг. Үүний цаана маш их үргүй урсгал гардаг.
Бид 2025 оны төсөв дээр дүгнэлт хийхээр мэргэжлийн аудиторуудтай ажиллаж байна. Суурь зарчим нь юу вэ гэхээр төлөвлөсөн орлогоосоо давсан зарлага төлөвлөж оруулж ирсэн. Зөрүү нь 2 их наяд. Засгийн газар зардлаа хэтрүүлэх тусам төгрөгийн ханш сулардаг, худалдан авах чадамж унадаг. Энэ алдагдлаа татвар, хураамжийг нэмэх байдлаар нөхдөг. Та бүхэн эрх барьж байгаа гурван намын төлөөллийг сонсож байгаа байх. Үг хэлэх бүрдээ гаднаас зээл авах, бонд гаргах асуудлыг ярьж байгаа. Эдийн засгаа яаж тэлэх вэ. Ажилгүйдэл, ядуурлыг яаж бууруулах вэ гэдэг бодлого ерөөсөө сонсогдохгүй байна.
Орон нутгийн сонгууль угтаад хот төлөвлөлттэй холбоотой асуудал нэлээд явж байна. Хот суурин газрыг бий болгож төвлөрлийг сааруулах нь зайлшгүй асуудал. Маргах зүйл байхгүй. Гэхдээ ажлын байр, амьдралын баталгаа байхгүй байхад хэчнээн сайхан зам, гүүр, орон сууц бариад үр өгөөж өгөхгүй.