ЦАХИМААР ВИЗЭЭ МЭДҮҮЛЭЭД 5 МИНУТАД ХАРИУГАА АВДАГ БОЛСОН

GNNGNN
Sep 24, 2024  
 0
ЦАХИМААР ВИЗЭЭ МЭДҮҮЛЭЭД 5 МИНУТАД ХАРИУГАА АВДАГ БОЛСОН

Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд бодит ажил болж хэрэгжсэн нэг том дэвшил бол манай улсыг зорин ирэх гадаадын иргэн визээ цахимаар мэдүүлж, хариугаа авах боломжийг бүрдүүлсэн явдал. Өөрөөр хэлбэл, манай улсад аялахаар төлөвлөсөн гадаад улсын иргэн виз авахын тулд заавал Элчин сайдын яам, Консулын газрыг зорьж, цаг хугацаагаа  алдах шаардлагагүй болсон буюу интернеттэй орчноос цахимаар визээ мэдүүлж, хамгийн хурдандаа таван минут, удаандаа 48 цагийн дотор визний хариугаа авах боломжтой болсон. Уг ажлыг Гадаадын иргэн харьяатын газар тун богино хугацаанд зохион байгуулж, тогтмолжуулжээ. Үүний үр дүнд тухайлбал, 2023 онд гадаадын 30 мянган иргэн цахимаар визээ авч, манай улсад аялсан байна. Харин 2024 он гарсаар буюу есөн сарын хугацаанд энэ тоо 72 мянгад хүрээд байгаа нь цахимаар бүх ажлаа зохицуулдаг өндөр хөгжилтэй орнуудаас дутах юмгүй болсон буюу манай улсыг зорин ирэгч аялагчид хүндрэлгүй, маш шуурхай болж байгаа юм.

Засгийн газар 2021 онд цахим виз олгох шийдвэр гаргасан нь ийнхүү сүүлийн хоёр жил орчим хугацаанд тун сайн үр дүнг бодит тоогоор харуулж чаджээ. Цахимаар виз хүсэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр манай улсыг зорин ирэгч аялагчдын тоо нэмэгдэж буй гэсэн үг.

Түүнчлэн 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс  ГИХГ-аас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахим хэлбэрээр олгож эхэлжээ. Уг 54 ангиллын визийг визийн зөвшөөрлийн адил зөвхөн уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдэж байна.

Виз мэдүүлэхдээ уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдаж буй гадаадын иргэний визийн хураамжийг урьдчилан төлөх ба хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд цахим хэлбэрийн виз олгож, уригчийн бүртгэлтэй шууданд зөвшөөрсөн мэдэгдэл очих юм. Хэрэв уригч нь визийн хураамжийг урьдчилан төлөх шаардлагагүй тохиолдолд визийн зөвшөөрөл мэдүүлж, уг визийн зөвшөөрлийн дагуу Элчин сайдын яам, Консулын газар эсвэл хилийн боомт дээрээс визээ авах боломжтой боллоо.  Ийнхүү визийг цахим хэлбэрээр олгосноор ЭСЯ, Консулын газарт очих цаг хугацаа, зардлаа хэмнэхээс гадна хамгийн хурдан хугацаанд виз мэдүүлэх боломжийг нь олгож байгаа юм.