ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРТ МОНГОЛ УЛС НЭГДЭХ ЭСЭХ АСУУДАЛ ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРТ МОНГОЛ УЛС НЭГДЭХ ЭСЭХ АСУУДАЛ ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

GNNGNN
Apr 29, 2025  
 0
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРТ МОНГОЛ УЛС НЭГДЭХ ЭСЭХ АСУУДАЛ ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Хэрэв Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэн тохиолдолд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох боломжтой.

Одоогоор Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо (Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз) түнш орнуудтай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ хийж, ямар бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх, ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авах талаар тохиролцож байгаа билээ. Тодруулбал, Монгол Улс нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны орнуудад татваргүй нийлүүлэх боломжтой гэж үзжээ.

Тухайлбал,

  • Мах, махан бүтээгдэхүүний 29 нэр,

  • Арьс, ширэн бүтээгдэхүүний 60 нэр,

  • Ноос, ноолууран бүтээгдэхүүний 204 нэр,

  • ХАА-н бусад бүтээгдэхүүний 73 нэр төрлийн бараа татваргүй байхаар урьдчилан тохирогдсон байна.

Энэ нь Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд гаалийн 16.6 сая ам.долларын татвараас чөлөөлөгдөх боломжийг олгоно гэж тооцоолж байгаа юм.

Харин Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудаас Монгол Улсад импортлогдох бараа бүтээгдэхүүнүүдийн татварын хөнгөлөлттэй жагсаалт гарсан байна. Иргэдийн зүгээс эдгээр бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурч, нийлүүлэлт сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм.

Түүнчлэн, Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор зарим бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг Евразийн эдийн засгийн холбоонд хүргүүлсэн. Үүнд 23 төрлийн барааг хасах санал оруулснаас 8 барааг хасаж, 11 барааны тарифыг харилцан тохиролцох нөхцөлөөр зохицуулах тохиролцоонд хүрчээ. Мөн дөрвөн барааг дэмжээгүй байна.

Татварын хөнгөлөлтөөс хасагдсан 8 бараа:

  • Шингэн сүү

  • Өтгөрүүлсэн сүү

  • Шар сүү

  • Өтгөн цөцгий

  • Даршилсан өргөст хэмх

  • Сонгино

  • Төмс

  • Шар лууван, манжин

Түүнчлэн, татварын хөнгөлөлттэй 9 бараа:

  • Хайлмал бяслаг

  • Цөцгийн тос

  • Бяслаг

  • Бусад бяслаг

  • Өндөг

  • Хатуу улаанбуудай

  • Зөөлөн улаанбуудай

  • Шар айраг

  • Цагаан архи

Эдгээр бараануудын татвар нь буурч, тодорхой хэмжээний хөнгөлөлттэйгээр гарсан байна. Харин иогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг бараануудыг хасах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсад үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүний зах зээлийн үнийг бууруулах, нийлүүлэлтийг сайжруулах зорилготой бөгөөд эдийн засагт чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Засгийн газрын байр суурь:

Монгол Улсын ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр энэ хэлэлцээр нь дотооддоо үйлдвэрлэж байгаа 20 орчим нэр төрлийн бараанаас бусад бүтээгдэхүүний үнэ хямдарч, нийлүүлэлт сайжрах боломжтой гэж онцолсон бол, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хэлэлцээр нь хоёр талд ашигтай байх ёстойг дурдаж, Монгол Улс нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнүүдээ Евразийн зах зээл рүү гаргах боломжтой гэж үзэж байна.