Ч.ЛОДОЙСАМБУУГИЙН САНАЛД 32 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРВАЛ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2024.02.07-нд буюу арав хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж байгаа мэдэгдсэн.
УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих үндэслэл бүрдэнэ. Улмаар УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, 64 гишүүн дэмжиж кнопоо дарвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд:
- Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
- Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан байдаг.
Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд Ерөнхий сайдыг огцруулахыг хэлэлцэх асуудлыг дараах байдлаар хуульчилсан.
- 101.1.Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
- 101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
- 101.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
- 101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
- 101.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
- 101.6.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
- 101.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
- 101.8.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.