ЧУУЛГАНЫ НЭРИЙН ДОР ЧИМЭЭГҮЙХЭН ЗАРЦУУЛАГДСАН ТӨСӨВ

GNNGNN
May 5, 2025  
 0
ЧУУЛГАНЫ НЭРИЙН ДОР ЧИМЭЭГҮЙХЭН ЗАРЦУУЛАГДСАН ТӨСӨВ

“Бүсийн хөгжил-2025” нэртэй шоу юу, шийдэл үү?

Сүүлийн хэдэн долоо хоногт Засгийн газраас “Бүсийн хөгжил-2025” нэртэй чуулга уулзалтыг улс даяар зохион байгуулж байна. Том тайз, гял цал гэрэлтүүлэг, өнгө алагласан баннер, сүртэй нээлтийн үгс… Гэвч орон нутгийн иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Харин ч эдгээр арга хэмжээнд зориулан олон сая төгрөгөөр хурлын танхим шинэчилж, төрийн албан хаагчдыг дагуулан тойрч явах нь хэр үр ашигтай, зүй зохистой үйл ажиллагаа вэ? Эсвэл ирэх сонгуулийн пиар шоу юу?

Эдгээр чуулганд дарга нар бэлдсэн үгээ уншиж, протокол барьсан хүмүүстэй “ярилцаж” буй мэт боловч жинхэнэ иргэдийн санаа, дуу хоолой төдийлөн тусгагдахгүй байна. Иргэдийн хэлэх үг микрофонгүй, эсвэл хэн нэгэн илтгэгчийн ард бүдгэрч, замхарч байна.

Хэдийгээр “нийгмийн оролцоог хангах, бүс нутгийн хөгжлийг урагшлуулах” зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр эдгээр уулзалтууд нь бараг л жүжиг шиг харагдаж байна. Ижил формат, ижил илтгэл, ижил агуулга бүхий хөтөлбөрүүд — аймаг бүрт яг нэгэн ижил “реалити шоу” мэт. Хов хоосон танхим, уйдсан төрийн албан хаагчид, мэдээлэлгүй иргэд. Харин төсөв, цаг хугацаа, оролцсон хүч хөдөлмөрийн үр дүн нь тодорхойгүй.

Монголын бүсүүдэд жинхэнэ хөгжлийн бодлого хэрэгтэй нь үнэн. Гэвч сүржин чуулганаас илүүтэй, тууштай хэрэгжих бодлого, хөрөнгө оруулалт, иргэдийн санал санаачилгыг бодитоор тусгасан шийдвэр, хариуцлагатай хандлага л үр дүн авчирна.

Бүсийн чуулгануудаас гарсан санал, шийдвэрүүдийн 80 гаруй хувь нь өмнөх бодлого, стратегийн баримт бичгүүдтэй давхацсан бөгөөд шинэлэг санаачилга, хэрэгжихүйц шийдэл бараг гараагүй нь харамсалтай. “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн дуу хоолойг сонсох” гэж зорьсон энэ үйл ажиллагаа өндөр өртөгтэй, бага өгөөжтэй улс төрийн пиар арга хэмжээнд хувирч байна.

Монгол Улс эдийн засгийн хүнд нөхцөлд орж буй энэ үед төсвийн хэмнэлт, бодлого шийдвэрийн чанар, ил тод байдалд илүү анхаарах шаардлага бодитоор тулгараад байна.