Ц.ТУВААН: АМНАТ-ЫН ОРЛОГЫГ ТУХАЙН ОРОН НУТАГТ ЭЭЛТЭЙ БАЙХААР ЗАРЦУУЛДАГ БОЛНО

Энэ зөвөлгөөн дээр “Хэрлэн тооно” төслийн талаар ярина. Энэ төсөл нь бүсчилсэн хөгжлийн хувьд ч тэр, уул уурхайн салбарын хувьд ч гэсэн амин чухал асуудал болж байгаа юм. Манай улсад уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд, нэгдүгээрт эрчим хүч, хоёрдугаарт усны асуудал, гуравдугаарт, хүний нөөц буюу боловсон хүчний асуудал тулгардаг. Эдгээрийн нэг усны асуудлыг энэ говийн бүсийн чуулганаар хөдөлгөнө.
Засгийн газраас Цагаандэл боомтыг нээх шийдвэр аргасан. Авто замаар холбох асуудал бий. Орон нутгийн иргэдийн тавьж байгаа асуудлыг харгалзан үзэж, ойлголцолд хүрч, энэ боомтыг нээх нь орон нутгийн болоод улсын эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Баруун талаар нь Шивээхүрэнгийн боомт, зүүн талаар нь Гашуунсухайт-Ганд модны боомт бий. Энэ хоёр боомт хоорондоо 700 км зайтай. Тэгэхээр энэ хоёр боомтын дундуур нэг холболт дутагдаж байгаа юм. Тиймээс энэ ажлыг хэрэгжүүлэх байр суурьтай байгаа.
“Алтыг нь аваад, авдрыг нь хаях” гэж монголчууд ярьдаг. Уул уурхайга ашиглуулж байгаа газрууд хоосон авдартай үлдчихээд байгаа. Үүнийг бид маш яаралтай шийдэх шаардлагатай байгаа.
Баялгийн сангийн тухай хуульд Орон нутгийн хөгжлийн санд нэлээд хувийг нь үлдээж байх шийдвэр гаргахаар ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ын орлого ихээхэн хувь эзэлбэл, үүнээс тухайн аймаг, сумддаа ээлтэйгээр зарцуулагддаг байхаар ажиллаж байна. Тухайн орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авдаг байх, хүүхэд нь сайн сургуульд суралцдаг байх, амьдарч байгаа орчин нь тоосгүй байх зэрэг нийгмийн асуудлуудыг шийдэж байж, хөгжлийн асуудлыг ярих боломжтой болно.
Бүсчилсэн хөгжлийн бодлого 2003 онд гарсан ч 20 гаруй жил хэрэгжээгүй. Сум, аймаг, ЗГ, УИХ нийлээд энэ бодлогоо түлхэж өгөөгүй. Өнөөдөр харин сонгууль нь бүсчилсэн байдлаар явагдсан, дээрээс нь ЗГ болон УИХ нь энэ бодлого руу түлхэж байгаа учраас энэ явагдана. Одоо харин бид хэрэгжиж байгаа төслүүдээ үүнтэй холбож өгөх хэрэгтэй.
Уран олборлох талаар галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Хэрэгжүүлэх ажил аль шатандаа яваа вэ?
Францын “Орано ресурс”, Монгол Улсын “Бадрах энержи” хоёр компаний хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар нээлттэй хэлэлцэж баталсан. Одоо хэрэгжүүлэх шатандаа явж байгаа.
Газар дор уусган баяжуулах технологи ашиглана. Энэ бол дэлхийн дэлхийн уран олборлогчдын 60 гаруй хувь нь ашигладаг технологи. Байгаль орчны хаалтын бүх асуудлыг шийдвэрлэсэн. Одоо шинээр гарч ирж байгаа асуудал бол ашиглаж, олоборлож дууссаны дараа байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг судалдаг лаборатори оруулж ирэхийг иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас шаардаж байгаа. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал энэ өдрүүдэд Франц улсад ажиллаж байгаа болохоор энэ асуудлыг шийдвэрлэх байх.