АТГ: Ц.ЧУЛУУНЗАГДЫН ГЭР, АЖЛЫН БАЙРАНД ХИЙСЭН НЭГЖЛЭГЭЭР “АДМИНЕРАЛ“ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГААД НАС БАРСАН БНХАУ-ЫН ИРГЭНИЙ ГАРЫН ҮСЭГТЭЙ ДАРДАС ОЛДСОН

АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь энэ сарын 10-ны өдөр нэгжлэг хийж, түүнийг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэрийг шүүх гаргаад буй.
Тэгвэл Ц.Чулуунзагдтай холбоотой эл асуудлын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт хэвлэлд өгсөн тодруулгадаа "АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.2 , 22.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Тавантолгой түлш ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг 2023 оны нэгдүгээр сард нээж шалгасан байдаг. Эг хэргийн хүрээнд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан болон хахууль авсан гэх хэрэгт Ч нарын нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард нас барсан БНХАУ-ын иргэн Х-гийн гарын үсэгтэй дардас олдсон. Уг гарын үсгийн дардсыг нас барснаас нь хойш хууль бусаар ашиглаж байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа цааш үргэлжилнэ" гэлээ.