ТҮЦ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО: ТҮЦ-ИЙГ Х.НЯМБААТАР БИШ ЗАХ ЗЭЭЛ ЗАЙЛУУЛДАГ ЮМ

ТҮЦ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО: ТҮЦ-ИЙГ Х.НЯМБААТАР БИШ ЗАХ ЗЭЭЛ ЗАЙЛУУЛДАГ ЮМ

GNNGNN
May 2, 2025  
 0
ТҮЦ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО: ТҮЦ-ИЙГ Х.НЯМБААТАР БИШ ЗАХ ЗЭЭЛ ЗАЙЛУУЛДАГ ЮМ

ТҮЦ эрхлэгчид өлсгөлөн зарлан, эрхээ хамгаалж байна

Нийслэлийн хэмжээнд 300 гаруй ТҮЦ эрхлэгчид түргэн үйлчилгээний цэгүүдээ алдаж, амьжиргааны эх үүсвэр нь хаагдсанд эсэргүүцэл илэрхийлэн өнөөдрөөс Хүний эрхийн үндэсний комиссын гадна өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэд өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө ямар ч албан ёсны шийдвэр, захирамжгүйгээр ТҮЦ-үүдийг албадан ачиж эхэлсэнд гомдолтой байгаагаа илэрхийлж байна.

ТҮЦ эрхлэгчдийн холбооноос дөрөвдүгээр сарын 25-нд ХЭҮК-т шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу аваагүй байгаа аж. Тэдний зүгээс “Бид гэмт хэрэг хийгээгүй, хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулж байна. Хэрэв стандарт шаардлага байгаа бол бид тэр дагуу ажиллахад бэлэн. Харин бидэнтэй ярилцаж, зөвшилцөхгүйгээр шууд хүч хэрэглэж, амьжиргааг маань үгүй хийж байна” хэмээн мэдэгдэж байна.

Нийтийн тээврийн зогсоолд байрлаж байсан ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн хэлэхдээ:

“2013 оноос хойш ТҮЦ ажиллуулж байна. 2016 онд захиргааны хэргийн шүүхэд асуудлыг шилжүүлсэн ч шүүхийн шийдвэр гараагүй байхад бидний ТҮЦ-ийг ачиж байна. Төрийн байгууллагууд шүүхийн шийдвэрийг хүндэтгэхгүй байна. Анх Энхтайвны өргөн чөлөөг цэгцэлж, ТҮЦ-үүдийн асуудлыг хамтран шийднэ гэж ойлгож байсан ч, одоо бүх ТҮЦ-ийг ачиж байна. Үүнээс үүдэн олон иргэн амьжиргаагаа алдсан, өрөнд орсон, зарим нь сэтгэл санааны хүнд дарамтад орж, амь насанд нь аюул учрах нөхцөл байдал үүсч байна” гэв.

ТҮЦ эрхлэгчид Хотын дарга Х.Нямбаатарт хандан “Бидэнтэй уулзаж, бодит нөхцөл байдлыг сонсож, зөвшилцөөч. Гаргасан шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна” хэмээн уриалж байна.

Тэдний зүгээс ариун цэврийн болон орчны стандартад нийцүүлэх талаар шаардах нь зүй ёсны хэрэг ч, ТҮЦ-ийн оронд тавьж буй дулаан зогсоол ч ялгаагүй стандартад хүрэхгүй байгааг онцолжээ. ТҮЦ бол зах зээлийн зарчмаар хөгжсөн жижиг бизнес бөгөөд “энэ нь гэмт хэрэг биш, харин ч хөдөлмөр эрхлэлт, өөрийгөө авч явах нэг арга зам” гэдгийг тэд дахин дахин сануулж байна.