Н.Номтойбаяр: “Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОРНД БИ БАЙСАН БОЛ ӨРӨӨНД НЬ ОРООД УУЧЛАЛ ГУЙНА”
Н.Номтойбаяр: “Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОРНД БИ БАЙСАН БОЛ ӨРӨӨНД НЬ ОРООД УУЧЛАЛ ГУЙНА”

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы Засгийн газрын цаг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хариултанд асуулт асуусан УИХ гишүүн Ж.Баярмааг “Баярцогт гишүүн ээ” хэмээн дуудаж, өмнөх Засгийн газрын хариуцлагыг ярьсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, иргэд сонгогчдыг доромжилсон үйлдэл болсон гэж үзсэн АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйхыг шаардсан юм.
Энэ шаардлагыг биелүүлэхгүй байгаа үндэслэлээр АН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан билээ. Уг асуудлын талаар УИХ гишүүн Н.Номтойбаяр 2025 оны 5-р сарын 1-нд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Н.Номтойбаяр дараах тайлбарыг өгчээ:
- 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ялсан намын дарга Ерөнхий сайд хийж ирсэнтэй холбогдуулан, парламент нь Засгийн газрын дэргэдэх хууль зүйн хэлтэс шиг л үйл ажиллагаа явж ирсэн гэж үзэж байна. АН-ын байр суурийг би хувьдаа Монгол Улс Үндсэн хуулиар заасан парламентын засаглалтай улс орон гэдгийг сануулж байгаа нэг том үйлдэл гэж харж байгаа.
- Ерөнхий сайдын гаргасан үйлдэл нь парламентын үйл ажиллагааг Засгийн газрын өргөн барьсан хуулийг ёсчлон баталдаг процесс мэтээр хардаг болсны илэрхийлэл юм болов уу гэж дүгнэж байгаа. Парламентад ус, агаар мэт дутагдсан зүйл бол мэдлэгт суурилсан мэтгэлцээн явагддаггүй. УИХ-ын гишүүдийн асуултад сайд нар хариулах үүрэгтэй байдаг ч зарим нь худал ярьдаг, асуултаас бултдаг, бүр хуралдаа ч суудаггүй.
- Уучлалт гуйх эсэх асуудлын тухайд, хуулиа дагах уу, хүн чанар, ёс суртахуунаа дагах уу гэдэг хоёр асуудал байна. Хуулиар бол Ерөнхий сайд УИХ-ын гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн чуулганы үеэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Хүн чанарын хувьд үл ойлголцох зүйлс бишгүйдээ болдог. Би байсан бол хувьдаа өрөөнд нь ороод уучлалт гуйна гэж үзэж байна