БҮХ ТӨРЛИЙН ЧИХЭРЛЭГ УС, УНДААНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛНА
Монгол Улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа, 45 хувь нь цай, кофендоо сахар нэмэлтээр хэрэглэдэг болохыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид “Монгол Улсын хүүхэд, насанд хүрэгчдийн чихэрлэг ундааны хэрэглээ” судалгаагаар тогтоожээ. Мөн тус судалгаагаар Монгол Улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, сахартай ундааг худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулж байна гэдгийг тодотгожээ.
Түүнчлэн, нэг хүн хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногдож байгааг тайландаа тусгажээ. Чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулах нь зүйтэй гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Одоогийн байдлаар дэлхийн 32 орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулдаг байна.
Тэгвэл Монгол Улс 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс бүх төрлийн чихэрлэг ус, ундаанд онцгой албан татвар ногдуулдаг болох аж. Тодруулбал шинэчлэн баталсан Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн чихэрлэг, ус ундаанд онцгой албан татвар ногдуулах заалтыг нэмсэн байна. Онцгой албан татварын тухай хуульд 4.1.6-д заасан чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усны тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна гэжээ. Тухайлбал, чихэр, сахар орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус 100 мл-т агуулагдах чихэр, сахар орлуулагч 0-5 гр байвал торгохгүй. Харин 100 мл-т агуулагдах чихэр, чихэр орлуулагч 5 граммаас дээш байвал литр тутамд 2027 онд 500 төгрөг, 2028 онд 525 төгрөг, 2029 он ба түүнээс хойш 550 төгрөгөөр торгоно гэж заажээ.
Харин төрөл бүрийн ундаа, ус гэдэгт үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс, нунтаг баяжмал хамаарахгүй юм байна.
Монгол Улсад чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад онцгой татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба жилд нэг хүнд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн тооцоог “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол” судалгаагаар АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судлаачид тогтоожээ.