"АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР ТЭСРЭХЭД БЭЛЭН БАЙНА"
Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут, бусад асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүллээ.
Жолооч Т.Бат-Орших: -Нийслэлийн нийтийн тээврийн автобаазуудын нийт жолооч нар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон НИТХ-ын төлөөлөгч нарт хандаж, доорх гурван асуудлыг нэн яаралтай 28-ны хурлаараа баталж өгнө үү, хэлэлцэж өгнө үү гэдэг албан шаардлагыг хүргүүлж байна.
Нэгдүгээрт, Нийтийн тээврийн үйлчилгээний өдөр бүр гарч ажилладаг жолоочдын 8 цаг ажилласан цагийн цалинг бүтнээр нь бодож олгох.
Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нийтийн тээврийн жолооч нарын цалин хөлсийг 1000 ам.доллар буюу Монгол мөнгөөр 3 сая 500 мянган төгрөг болгоно гэсэн. Энэ цалингаас бүх шимтгэлийг хасаад жолоочийн гар дээр 3 сая 500 мянган төгрөгийг олгож өгөөчээ.
Гуравдугаарт, Хувийн автобус баазууд болон зорчигч тээврийн нэгтгэл, ОНААТҮГ-ын жолооч нарын тэтгэврийн эрх нээгдэх үед нэг удаагийн 24 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг бодож олгуулж байх.
Ийм албан шаардлагыг хүргүүлж байна. Хотын дарга 2024 оны нэгдүгээр сараас жолооч нарын цалинг нэмнэ гэж хэвлэлээр зарласан. Нэгдүгээр сард нэмэгдсэн зүйл байхгүй. Тэгээд хотын сайд хоёрдугаар сард нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэхээр тохирч байна. Хоёрдугаар сардаа багтаагаад өгчихнө гэсэн. Гэтэл хоёрдугаар сарын цалин тасарчихлаа. Одоо гуравдугаар сард гэж байна. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг манай улс төрчдийн оноо цуглуулах ажил нь арай дэндээд байна. Улс төрийн тоглоом болмооргүй байна бид.
Жолооч нар нэгдсэн байр суурьтай байгаа. Гурав хоногийн дотор шаардлагынхаа хариуг авна. Төсвийн талаар хэлэлцэх дээ бид нарын ярьж байгаа асуудлыг хэлэлцээрэй гэж хүсч байна. Үгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
Жолооч нар шууд хаяад явахад бэлэн болчихсон байна. Тэсрэхэд бэлэн. Ажил хаялтыг аль болох хийхгүй байхыг хичээж байна.
Та 4 цагт босоод 5 цагт автобусаа цаг хагас халаагаад эцсийн буудлууд руугаа явдаг. Хоолны цаг 20 минут гэдэг. Оргил ачааллыг үед хоолоо идэж амжина гэдэг хэцүү. Ер нь 3-4 цагийн нойртой явдаг бид. Кофе, энергийн ундаагаар хүчээр энерги авдаг. Ингээд 15 хоногтоо 500 мянган төгрөг авдаг.