Ц.ЦОГБАДРАХ ДЭЛХИЙН АВАРГААС МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙНХНИЙ 37 ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ ХҮРТЛЭЭ
Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр буюу өнгөрсөн шөнө эрэгтэй дөрвөн жингийн медалийн төлөөх барилдаан болоход манай улсаас 61 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цогбадрах хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр Беларус, Киргиз, Ираны бөхийг дараалан ялсан ч шөвгийн дөрөвт Туркийн тамирчинд ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм. Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс 36 хүрэл медаль хүртсэн байдаг бол 37 дахийг нь Ц.Цогбадрах эх орондоо авчирч байна.
Тэгвэл 79 кг-д олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Словакийн бөхөд 2:1-ээр ялагдсанаар V байр эзлэв.
Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ баг ийнхүү нэг мөнгө, нэг хүрэл медаль, хоёр V байртайгаар эх орныхоо зүг хүлгийн жолоо залж байна.