Ж.ХУНАН: ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ БИШ

GNNGNN
Feb 16, 2024  
 0
Ж.ХУНАН: ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ БИШ

ХЭҮК-оос хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан: -21 дэх илтгэлдээ хүүхэд хамгааллын тогтолцооны бүрлдэхүүн хэсэг болох хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрны асуудлыг хөндөж байсан. Мөн хүүхдийн албадан хөдөлмөрийн асуудлыг хөндөж, илтгэлдээ тусгасан. 22-р илтгэлд хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох хууль зүйн хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг илтгэлдээ оруулсан. Мөн ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийж танилцуулсан. 23 дахь илтгэлдээ хүний эрхийн үндэсний комисст хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудлыг судалж, танилцуулахаар бэлтгэж байна. Үүнээс гадна байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал болон өрх толгойлсон хүүхдийн асуудлыг хөндөх төлөвлөгөөтэй байна. Жил болгоны эхний улиралд багтааж УИХ-д илтгэлээ өргөн барьдаг. Энэ онд мөн гурван сардаа багтааж УИХ-д өргөн барина. 

Хүүхдийн эрхийн асуудал орхигддог юм байна. Хүүхэдтэй холбоотой бүртгэл, мэдээллийн сан дутмаг, хоорондоо авцалддаггүй. Тийм болохоор хүүхдэд чиглэгдсэн бодлого төдийлөн хэрэгждэггүй гэх дүгнэлт гаргасан. Мөн нэг ажиглагдсан зүйл нь энэ асуудалд томчуудын хандах хандлага. Хүүхдийг өөрийн гэсэн ертөнцтэй хувь хүн гэж харахаасаа илүү эцэг, эхчүүдийн өмч хөрөнгө мэтээр ханддаг. Зам тээврийн осол боллоо гэхэд даатгалын байгууллага, цагдаагийн байгууллага очиж, арга хэмжээ тооцохдоо зөрчил дээр тооцдог. Гэхдээ тухайн машин дотор хүүхэд байлаа гэхэд тэрэн дээр нь дүгнэлт гаргадаггүй. Хүүхдэд эрсдэлтэй байдал үүссэн асуудлыг орхигдуулдаг. Тэр байтугай архидан согтуурсан, танхайрсан дуудлагаар очоод тэнд хүүхэд байсан эсэхийг тэмдэглэдэг мөртлөө тухайн хүүхдийг арга хэмжээ явагдсаны дараа ямар нөхцөлд үлдэж байгааг дүгнэдэггүй. Хүүхдийн эрх ашиг гэдэг зүйлийг санах, үүнийг өргөн хүрээнд сурталчлах нөлөөллийн ажил хийх зайлшгүй шаардлага байна. ХЭҮК-оос хагас өнчин, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудлыг судлах хүрээнд хэд хэдэн газруудад хяналт шалгалтыг хийж байгаа. Асрамжийн үйлчилгээ явуулдаг ТББ болон асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байгаа. Хүүхдүүд болон асран хамгаалагчидтай нь ярилцлага хийж, дүгнэлтээ боловсруулж байгаа. 2023 онд ХЭҮК, ХНХЯ-тай хамтран хүүхддийн эрхийн асуудлаар нээлттэй хяналт шалгалтыг зохион байгуулсан байгаа. Нээлттэй хяналт шалгалтад оролцсон хүүхдүүдийн 42 хувь нь хамгаалуулах эрх зөрчигддөг гэсэн ийм хариултыг өгч байсан.

Эрх зүйн орчныг сайжруулах, бүтцийг бий болгох асуудалд нэлээд ахицтай ажлуудыг хийж байгаа ч яг хөрсөн дээрээ буухаараа ялангуяа орон нутагт хүүхэд хамгаалах асуудал хүүхдийн эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.

ХЭҮК-ээс хавар, өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавихад ажиллаж байна. 1990 оноос хойш хурдан морины уралдаантай холбоотой 46 хүүхдийн амь нас хохирсон. Хэдийгээр хурдан морь унах нь монголын түүхт уламжлал соёлыг тээдэг нэг хэлбэр боловч нөгөө талаараа хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Уралдаантай холбоотой мэдээлэл ирэх бүрт бид араас нь явж, мэдээлэл тайлбар авдаг. Тэгээд холбогдох байгууллагуудад мэдээллэдэг. Түүнчлэн өвөл хурдан морины уралдаан зохион байгуулдаг нь өөрөө хүнд нөхцөлд тооцогддог учир хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн шинж чанарыг агуулж байгаа юм. Тиймээс бид үүнийг дэмжихгүй.