СУДАЛГАА: ОЮУТНУУДЫН ДИЙЛЭНХ НЬ ЭМЭГТЭЙ, МАЛЧДЫН ДИЙЛЭНХ НЬ ЭРЭГТЭЙ БАЙНА
Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан /2024.02.15-ны өдөр/ боллоо.
Хорооноос үндэсний хэмжээнд гаргаж олон нийтэд мэдээлдэг хүйсийн тэнцвэрт байдлын тайланд ахиц гарчээ. Тухайлбал, төрийн томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга,агентлагийн дарга, яамдын газар хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квот хангагджээ.
Мөн “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт"-ын зөрүүг багасгах чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг хорооны гишүүдэд даалгав.
Хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр:
-Хороо 2023 онд таван зорилтын хүрээнд 71 арга хэмжээг 90 хувийн хэрэгжилттэй, Ажлын алба нь 13 зорилтын хүрээнд 117 үйл ажиллагааг 92.6 хувийн хэрэгжилттэй гүйцэтгэсэн байна. Тус онд нийт 32,218 ажилтныг жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт семинарт хамрууллаа. Сургалтад эрэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж хүйсийн тэнцвэрт байдал хангагдсан ахиц дэвшил гарсан байна..
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва:
-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх хэм хэмжээг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамд тусгаж мөрдүүлж, гарсан гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаарх мэдээллийг тайлагнаж, урьдчилан сэргийлж ажиллах нь чухал.
Боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 18-34 насны малчдын 88 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох гишүүдэд үүрэг болголоо.