ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 2023 ОНД ӨМНӨХ ЖИЛЭЭС 4.6 ИХ НАЯДААР ӨСЖЭЭ
2023 онд М2 буюу нийт мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрч өсжээ. Ингэснээр дундаж өсөлт нь 18.7 хувьтай тэнцэж, өнгөрсөн онтой харьцуулахад 26.8 хувиар өсcөн байна. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү нэмэгдэхэд төгрөгийн харилцах, хадгаламж голлох нөлөөг үзүүлсэн нь М2 мөнгөний жилийн өсөлтийн 76.8 хувийг бүрдүүлжээ.
Тухайлбал, нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр буюу 26.3 хувиар өсөж 22.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 14.9 нэгж хувь буюу 3.0 их наяд төгрөгийг иргэдийн хадгаламж эзэлжээ. Энэ нь 2023 оны төсвийн тодотголоор цалин, тэтгэврийн өсөлт болон хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор төсвийн зардал 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь төгрөгийн хадгаламжийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлсэн хэмээн Төвбанк дүгнэж байна.
Эх сурвалж: Монголбанк
Мөн 2023 онд чулуун нүүрсний экспортын биет хэмжээ 66.7 сая тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрснээр 2007 оноос хойш төлбөрийн тэнцэл буюу валютын орох, гарах урсгал данс анх удаа ашигтай гарсан. Гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн. Ингэснээр гадаад актив 2023 оны эцэс гэхэд мөнгөний нийлүүлэлтийн 21.7 нэгж хувийг бүрдүүлжээ.
Өмнөх жилүүдийн нөхцөл байдлыг авч үзвэл цар тахал, БНХАУ-ын “тэг ковид” бодлогын нөлөөгөөр экспортын өсөлт саарч, улмаар валютын орох урсгал буурсантай холбоотойгоор гадаад цэвэр активын мөнгөний нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөлөл буурч байв.
Тодруулбал, 2022 оны наймдугаар сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурч 26.9 их наяд төгрөгт хүрч байсан. Энэ нь өмнөх оныхоо мөн үеэс М2 мөнгө 1.7 хувиар буурч, үүний 18.3 нэгж хувийг дотоод цэвэр актив, -20.0 нэгж хувийг гадаад цэвэр актив бүрдүүлж байжээ.
Эх сурвалж: Монголбанк
Мөнгөний нийлүүлэлтэд нийт зээлийн нөлөөллийг авч үзвэл 2022 оны эцэст 6.5 хувийн өсөлттэй байсан хурд 2023 оны эхнээс аажмаар нэмэгдэж, тус оны эцэст 23.3 хувьд хүрчээ. Зээлийн өсөлтийг зориулалтаар нь харвал хэрэглээ болон хадгаламж барьцаалсан зээл 2023 оны эцэст 41.3 хувиар нэмэгдэж, нийт зээлийн өсөлтийн дийлэнх буюу 11.2 нэгж эзэлж байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
Хэрэглээ болон хадгаламж барьцаалсан зээлийн өсөлт өндөр байгаа нь хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх нөлөөтэй юм. 2023 оны эцсийн байдлаар нийт импортын 29.1 хувь буюу 2.7 сая орчим ам.долларыг хэрэглээний бүтээгдэхүүний импорт бүрдүүлж байгаа нь зах зээлийг нотолж буй юм.