ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенци, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенци, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенциудад нэгдэн орсон.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын тооцоолсноор дэлхий дахинаа нийт хүүхдийн 11 хувь буюу 168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр хүүхдүүдийн бараг тал хувь нь эрүүл мэндэд хортой, аюултай ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт сул, ажлын зохион байгуулалт оновчгүй байгаагаас гэмтэх, бэртэх, өвчин эмгэг тусах, улмаар нас барах эрсдэлд хүрдэг байна.
Дэлхийд 168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна.
Манай улсад 58 мянган хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байгаа талаар ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан мэдээллээ. 5-17 насны хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7.4 хувь байсан бол 2022 онд 16 хувь болж нэмэгджээ. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна.
Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “Хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Үүнд:
-
Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон.
-
Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон.
-
Хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон юм.
Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн хугацаанд хүнд хүчир, биеийн хүч их шаардсан, хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хэлдэг байна.
Монгол Улс 2016 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн утсгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна. Хамгийн гол дэвшүүлж буй санаа нь өрхийн амьжиргааг дээшлүүлвэл ядуурал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурна гэж үзэж байгаа юм.
Аль ч улс оронд, ямар ч хүүхдүүд сайн дураар хөдөлмөр эрхлэдэггүй бөгөөд хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг. Хүүхдийг хөдөлмөрөөс чөлөөлөх нэгэн арга бол тоглоом, наадамд хандуулах явдал юм. Хөдөлмөр эрхлэлтийн талаар хийсэн судалгаагаар шинээр ажилд орсон иргэдийн 1500-аад нь буюу 18.4 хувь нь 14-20 насны хүүхэд залуус байжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг