“ХҮСЛИЙН ХАД”-ЫГ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖ, “ТЭНГЭРИЙН ДУСАЛ ШҮТЭЭН“ ХӨШӨӨ БАРИНА

GNNGNN
Mar 6, 2024  
 0
“ХҮСЛИЙН ХАД”-ЫГ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖ, “ТЭНГЭРИЙН ДУСАЛ ШҮТЭЭН“ ХӨШӨӨ БАРИНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө УИХ-ын чуулганы индэрээс "Цаашид хөшөө дурсгал, угтах үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг хориглоно" гэх сүржин мэдэгдэл хийж байв.

Гэвч Төрийн хэмнэлтийн тухай хууль бодит байдал дээр огт хэрэгжихгүй, даржин байгааг дараах жишээнээс харж болохоор. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь “Хүслийн хад”-ыг аялал жуулчлалын цогцолбор болгон тохижуулахад улсын төсвөөс 1.5 тэрбум 71 сая төгрөг зарцуулахаар болжээ. Тендер нь аль хэдийн зарлагдчихсан. Гуравдугаар сарын 20-ний өдрийн 10:20 цагт нээх бөгөөд ажил гүйцэтгэж дуусах эцсийн хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр.

Энэхүү бүтээн байгуулалт нь олны хэл ам таталсан түүхий, шүүрхий зүйл ажил болоод дуусах вий гэж халаглах хүмүүс ч байна.

Учир нь уг ажлын хүрээнд тус газарт:

  • Хүслээ шивнэх "Тэнгэрийн дусал шүтээн" нэртэй хөшөө,
  • Цаг хугацааны бэлгэдэл 12 жил,
  • 11.5 метрийн гүүрэн гарц,
  • Байгалийн чулуун явган хүний зам,
  • Сүүдрэвч,
  • Нутгийн иргэдийн бүтээгдэхүүн борлуулах цэг,
  • Явган хүний гүүр,
  • Байгалийн чулуун шат,
  • Гурван амрах талбай,
  • Завины зогсоол, ариун цэврийн байгууламж, барихаар төлөвлөжээ. Энэхүү завины зогсоолыг өвөл хурааж авах зориулалттай угсардаг хөвдөг хавтан байх гэнэ.

Ингэхдээ "Тэнгэрийн дусал шүтээн хөшөө"-г гэгээрэл, ариусахыг бэлгэдэж бадамлянхуа цэцгэн хэлбэртэй тавцан дээр барина. Усны дусал хэлбэртэй хөшөөн дотор хүслийг тэнгэрт хүргэх бэлгэдлээр дуу авиа гаргах, хэц хэнгэрэг байрлуулах аж.

Тэнгэрийн дусалд хүрэх замд 12 цаг хугацааны бэлгэдэл 12 жилийг байршуулж хүсэл шивнэж мөнгөн өргөл өргөх хүмүүст зориулсан мөнгөний хайрцагтай байхаар төлөвлөжээ. Усны дусал хэлбэртэй хөшөөг шүншиглэж амилуулснаар хүслийг биелүүлэгч шүтээн болно гэх. Барилгын зураг төслийг "Алтайн газрын хүч" ХХК боловсруулсан байна.

Төсвийн мөнгөөр барилга барих уу, балгас үлдээх үү -

Монгол бол нэг хүнд ногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлэх үндэстэн. "Эмнести Интернэшнл" байгууллагын 2018 оны судалгаанд дурдсанаар "Зөвхөн 1990 оноос хойш 26 жилийн дотор Монгол Улс сансарын 5 пуужин, атомын 2 цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 гаруй эмнэлэг, 2500 сургууль, 20 сая хүүхдийн мөнгөөр хөшөө босгосон" гэжээ.

Мөн Англи улсын монголч эрдэмтэн Лаурен Жбагбо Монголд хоёр жил судалгаа явуулсаны эцэст хэлэхдээ "Монгол орны сум болгонд таван хошуу малын хөшөө байдаг. Үүн дотроо бод малын хөшөө дурсгалгүй нэг ч суурин байхгүй. Монгол бол мал аж ахуйн орон" мөн гэж онцолсон удаатай.

Ерөнхийдөө хөшөө, барилга дагаж хөгжил ирдэггүй гэдгийг дурдах нь илүүц байх. Гэхдээ төсвийн мөнгөөр барилга барих уу, балгас үлдээх үү гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.