ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР ХҮҮХДИЙН ХАМГААЛАХААС ГАДНА ХӨГЖЛИЙГ НЬ ДЭМЖИХЭД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАНА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР ХҮҮХДИЙН ХАМГААЛАХААС ГАДНА ХӨГЖЛИЙГ НЬ ДЭМЖИХЭД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАНА

GNNGNN
May 7, 2025  
 0
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР ХҮҮХДИЙН ХАМГААЛАХААС ГАДНА ХӨГЖЛИЙГ НЬ ДЭМЖИХЭД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛ, ХӨГЖИЛД БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойтой давхцан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа. Хуралдааны үеэр Ерөнхий сайд хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, Үндэсний зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, баярын мэнд дэвшүүлсэн юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн бодлого, эрх зүйн шинэчлэл, “Хүүхдийн төлөө сан”-гийн шинэчилсэн журмын хэрэгжилтийн талаар танилцуулав. Тэрээр хүүхэд хамгааллын төсөв 2020 онд 6 тэрбум төгрөг байснаас 2024 онд 13.9 тэрбум, 2025 онд 20.8 тэрбум төгрөг болж өссөн тухай онцоллоо.

Цаашид Засгийн газар хүүхдийн хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгож, гэр бүлээс үүдэлтэй хүчирхийллийн суурь шалтгаануудыг бууруулахын тулд “Гэр бүлийн тухай” болон “Гэр бүлийг дэмжих тухай” хуулийн төслүүдийг боловсруулжээ. Эдгээр хуульд хүн амын өсөлтийг дэмжих, санхүүгийн болон орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангах зэрэг олон чухал асуудлыг тусгах юм.

2024 оны Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор “Хүүхдийн төлөө сан”-гийн журам шинэчлэгдэж, хөрөнгийн зарцуулалтыг ил тод, хэрэгцээтэй чиглэлд зарцуулах нөхцөл бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 25 тэрбум төгрөгийн хуримтлалтай байгаа уг сангаас 781.4 сая төгрөгийг амжилт гаргасан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг урамшуулах, дэмжихэд зарцуулжээ.

Мөн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагууд харилцан уялдаатай ажиллах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтыг өрнүүлэх, бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, “Сурагчийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг сургууль, орон нутгийн удирдлагатай уялдуулах зэрэг олон чиглэлээр цогц ажил хийх шаардлагатайг хуралдаанд оролцогчид онцлов.

НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих тодорхой төсөв, бодлого хэрэгжүүлж байгааг сайшааж, цаашид салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдийн асуудал хариуцсан байгууллагын эрх зүйн статусыг бэхжүүлэхэд анхаарахыг уриаллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн эрхийг бүх шатанд анхаарч, төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлэхийг уриалаад, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласнаа дахин нотлов. Үүнтэй уялдуулан ЕБС-иудыг нэг ээлжтэй болгох, шаардлагатай сургуулиудыг шинээр барих, санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Мөн “Хүүхдийн төлөө сан”-гийн төсөв, хөрөнгийн зарцуулалтыг ил тод, олон нийтэд нээлттэй байлгах, 2025 онд сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналуудыг нарийн судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.