БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ТҮГЖРЭЛ 30 ХУВИАР БАГАСЖЭЭ

GNNGNN
Mar 30, 2026  
 0
БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ТҮГЖРЭЛ 30 ХУВИАР БАГАСЖЭЭ

Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн товыг бүсчлэн тогтоосон байна. Шинэчилсэн хуваарийн дагуу сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралт дөрөвдүгээр сард бол III улирлын амралт зургаадугаар сард эхлэх хуваарьтай байна.

Тэгвэл бие даалтын долоо хоног орон нутагт энэ сарын 23-нд эхэлсэн. Харин нийслэлд өнөөдөр гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын ачаалал 30 хувь буурчээ. Энэ талаар Хотын даргын орлогч А.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа "08:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн тун сийрэг байна. Хичээлийн бие даалтын 7 хоног эхэлсэн буюу ЕБС-ийн амралттай холбоотойгоор түгжрэл 30 хувиар багассан" хэмээн бичжээ.

Бие даалтын долоо хоногийн үргэлжлэл болгон II улирлын албан ёсны амралт ирэх дөрөвдүгээр сарын 6-н буюу даваа гарагаас дөрөвдүгээр сарын 10-ны баасан гараг хүртэл нэг долоо хоногийн хугацаатай үргэлжлэх юм.

Энэхүү зохицуулалт нь нийслэл болон орон нутгийн бүх сургуулиудад нэгэн адил мөрдөгдөх аж. Хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид 34 долоо хоног, дунд ангийнхан 35 долоо хоног, ахлах ангийн сурагчид 36 долоо хоногийн хугацаанд тус тус хичээллэхээр байна.