ЗАЛУУСТ БЕТХОВЕНООС ИЛҮҮ ГОНЧИГСУМЛАА, ХАНГАЛ, ШАРАВ НАРЫН БҮТЭЭЛИЙГ МЭДРҮҮЛЭХИЙГ ЗОРЬДОГ ТЭДНИЙ ОЙН ТОГЛОЛТ ТУН УДАХГҮЙ БОЛОХ НЬ
Үндэсний хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулж ирсэн “Жонон” хамтлаг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. 20 жилийн хугацаанд тэд огт завсарлага аваагүй бөгөөд гишүүдийнх нь нэгдмэл байдал өнөөдрийг хүртэл хамтлагийг авч явжээ.
Тэд зөвхөн уламжлалт хөгжим тоглоод зогсохгүй бөмбөр, басс гитар, төгөлдөр хууртай хослуулдаг. Тухайлбал, 2011 онд рэппер Big Gee-тэй хамтран цомог гаргаж байснаас гадна “ABBA”, “Beatles” хамтлагийн бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр найруулан хүргэж байв.
Энэ удаагийн ойн тоглолтоо тэд кино театрын хэлбэрээр үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа бөгөөд ойн хүрээнд "Баг ба хамтлаг" гэх өргөн сэдвээр баримтат кино хийж байгаа аж.
Үндэсний өв соёлоо залуу үед мартагдуулахгүй байх нь тэдний гол зарчим. Хамтлагийн гишүүдийн хэлснээр: "Айл бүрт байдаг морин хуур зүгээр нэг тавилга болж үлдээхгүйн тулд тоосыг нь арчиж, тоглож, хэрэглэж байх нь чухал" юм.
