ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД 13.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

GNNGNN
Nov 17, 2026  
Nov 17, 2026 - 11:55
 0
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД 13.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна.

Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна.

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, экспорт 45.3 хувиар, импорт 16.3 хувиар нэмэгдсэн байна.

Энэ хугацаанд экспорт 17.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.6 тэрбум ам.доллароор өсжээ. Экспортын өсөлтөд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн бөгөөд нүүрсний экспортын орлого 6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 50 хувиар нэмэгдсэн байна. Мөн зэсийн баяжмалын экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрч, 67 хувиар өсжээ.

Харин импорт 11 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 16.3 хувиар нэмэгдсэн байна. Импортын өсөлтөд нефтийн бүтээгдэхүүний импорт голлон нөлөөлжээ. Тухайлбал, дизелийн түлшний импорт 74 хувиар, автобензиний импорт 25 хувиар өссөн бол суудлын автомашины импорт зургаа, ачааны автомашины импорт 10 хувиар буурсан байна.

Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.