ХЯТАДЫН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ АРИЛЖААНЫ НИСЭХ ОНГОЦ АНХНЫ ТУРШИЛТЫН НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
11 дүгээр сарын 14-нд БНХАУ-ын бие даан зохион бүтээсэн 10 тоннын ангиллын цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц CE-25A Шаньдун мужийн Биньжөү хотод нисгэгчтэй анхны ухаалаг нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.
CE-25A онгоцонд хоёр нисгэгч, нэг туршилтын нислэгийн инженер сууж, нийт 57 минут 46 секундын туршилтын нислэг хийсэн байна. Үүнээс агаарт 16 минут 38 секунд байж, 60.4 километр зам туулжээ. Нислэгийн явцад онгоцны ажиллагаа хэвийн байсан бөгөөд бүх үзүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрсэн байна. Энэ нь CE-25A онгоц энэ оны хоёрдугаар сарын 2-нд нисгэгчгүй анхны ухаалаг нислэгээ амжилттай хийснээс хойших бүтээн байгуулалтын бас нэгэн чухал үе шат боллоо.
CE-25A нь Хятадын Иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорацын зохион бүтээсэн анхны цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц юм. Уг онгоцыг хот хоорондын арилжааны нислэгт голчлон ашиглах бөгөөд 19 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Хөөрөх үеийн хамгийн их жин нь 10 тонн, аяллын хурд нь цагт 300 километр, нислэгийн өндөр нь 2400 метр, нислэгийн зай нь 400 километр юм.
CE-25A онгоцыг Хятадын Иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорац нь CATL буюу Ниндэ эрин эрчим хүчний технологийн компани, Шанхайн Жяотун их сургууль зэрэг байгууллагатай хамтран бүтээжээ. Одоогоор тус онгоц нисгэгчгүй, бие даасан нислэгийн нийт 19 удаагийн туршилт хийсэн байна. Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газар нь CE-25A загварын нисэх онгоцны төрлийн гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн авчээ.
