СҮҮЛИЙН 25 ЖИЛД 3,961 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ
Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж буйтай холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж байна. Сүүлийн 25 жилд Монгол улсын хэмжээнд 3,961 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Үүнээс 2025 онд хамгийн их буюу 354 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн аж. Тэгвэл өнгөрсөн онд 272 удаагийн ой, хээрийн түймэр гарч байжээ.
Одоогийн байдлаар Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байгаа аж. Харин Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай дунд зэргийн хуурайшилттай гарчээ. Мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгууд дунд зэргийн байгаа юм.
Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

