ЗЭРЛЭГ АМЬТДЫН ТАРХАЦ НУТАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНД БАЙНА

GNNGNN
Feb 28, 2024  
 0
ЗЭРЛЭГ АМЬТДЫН ТАРХАЦ НУТАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНД БАЙНА

Монгол орны нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч байгаагаас зэрлэг амьтад байршдаг зарим газруудад өвөлжилт хаваржилт хүндэрч байна. Болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдаа хамгаалах, ямарваа нэг хорогдол гаргахгүй байх зорилгоор аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад биотехникийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. 

Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Өвөлжилт хүндэрч зудын байдалтай байгаа Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Рашаант сумдаар буга уулнаас бууж ирэх, айлын хотонд орж хашаанд хураасан өвсийг идэх зэрэг үйлдэл үзэгдэж байна. Суурьшлын бүсээс 10 км орчим зайд ойр ирсэн байна. 

Завхан аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Хойд сумдын нутгаар өвөлжилт хүндэрсний улмаас Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Баянтэс, Сонгино зэрэг сумдын газар нутагт бугын шилжилт хөдөлгөөн их байна. Айлын өвс идэх тохиолдол гарч  байна. 

Шилүүстэй сум аргалийн цөм бүс нутаг учир биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна. Зун гантай байсан тул 7 хоногт 2 удаа нийт 400 боодол өвс өгсөн. 12 сараас амьтдын хөдөлгөөн ажиглагдаж эхэлсэн. 

Дорнод аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Сүхбаатар аймгаас маш олон тооны зээр шилжин ирсэн. WWF-н Сүхбаатар аймагт байршил тогтоогч зүүсэн 10 зээр тус нутагт ирсэн. 11 сарын 23-наас эхлэн шилжилт хөдөлгөөн мэдэгдсэн. 

Биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна. 800 орчим өвс 8 тонн хужир тавьж өгсөн. 

Увс аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Хан Хөхийн уул талын сумдад маш хүнд өвөл болж байна. Буга шилжилт хөдөлгөөн хийж байна.  Уулнаас бууж айлын ойр ирсэн. Бугын хөдөлгөөн 100 км орчим явсан байна. Хяргас нуурын араар нам дор газарт ирсэн. Бөхөн, цагаан зээр 50 орчим км хойшилсон байна. Биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна. 240 орчим өвс 10 тонн давс тавьж өгсөн. 

Говь-Алтай аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Шаргын говьд байрлах цагаан зээр, бөхөн бага зэрэг хоргодол гарсан. 

Тайшир суманд одоогоор тогтвортой, хаваржилт хүндрэх төлөвтэй.

Аргаль, янгирын хувьд харьцангуй тогтвортой байгаа ч энэ жил 1500 боодол өвс бэлдсэн байгаа.  

Орхон аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Цагаан сарын өмнө амьтдын тандан судалгаа хийсэн хэвийн гэж үзэж байна. 

Сүхбаатар аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Цагаан зээр 100-200 км зайд шилжилт хөдөлгөөн хийсэн байна.  Анхны цаснаар шилжилт хөдөлгөөн ихэссэн. 11 сард амьтад нүүдэллэж эхэлсэн.

Өвөрхангай аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Амьтдын амьдрах орчин болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах, цас зудын улмаас зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон энэ үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд 2024.01.01-ээс хойш аймгийн хэмжээнд 11 суманд 19 удаагийн биотехникийн арга хэмжээг авч 63 цэгт 525 боодол өвс, 1.9 тонн хужир тавьсан.

Нийт нутгаар өвөлжилт хүндэрч цасны зузаан тал газраараа 30 см, уулархаг 50 см хүртэл зузаан, ойн туруутан, уулын туруутан болон тал хээрийн зэрлэг амьтдын өвөлжилт хүндэрсэн тул амьтдын тарга хүч тааруу, тодорхой хэмжээгээр хорогдол ч гарч байгаа ажээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад тус тусын хариуцсан газар нутагт амьтдын идэш тэжээлийг сайжруулах биотехникийн арга хэмжээг аван ажиллаж байна.