Х.ТҮВШИНБАЯР: СҮҮЛИЙН ДОЛООН ЖИЛИЙН ХУГАЦААНД 15 НАСТАЙ 11 ХҮҮХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН
ЦЕГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр, "Сүүлийн долоон жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон. Нийт холбогчдын 92 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж байна.
Тодруулбал, насанд хүрээгүй 100 хүн байгаагийн 11 нь 15 настай, 85 нь 16-17 насныхан байна" гэлээ.
Мөн тэрбээр, "Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн хар тамхины 46 хувь нь БНХАУ-аар дамжиж манай улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан" гэв.