ПАКИСТАНЧУУДЫН 93, ЭНЭТХЭГЧҮҮДИЙН 96 ХУВЬ НЬ АГААРЫН БОХИРДОЛД ӨРТДӨГ
Пакистаны Лахор хотод сүүлийн саруудад хорт утаа олон арван мянган хүнийг өвчлүүлж, нислэгүүд цуцлагдсаар байна. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн арванхоёрдугаар сард зохиомол бороо оруулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.
Өмнөд Азид дэлхийн хамгийн их бохирдолтой хотууд байдаг. Мэргэжилтнүүд Пакистан, Бангладеш, Энэтхэг зэрэг улс орнуудын хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэн агаарын бохирдлыг хот тус бүрээр нь ялгаж салгахгүйгээр хамтдаа тэмцэхийг уриалж байгаа юм. Гэхдээ бүс нутгийн улс төрийн харилцаа хурцадсан үед энэ нь боломжгүй болоод байна. Энэтхэг, Пакистаны харилцаа бараг тасарсан.
Тэд гурван удаа дайн хийж, армиа улам хүчирхэгжүүлж, цөмийн зэвсэгтэй болсон. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээлэнгийн Пакистан дахь шинжээч Абид Сулери “Агаарын бохирдол хил дамнан зорчиход виз шаардлагагүй. Энэтхэг-Пакистаны хилийн хоёр талд асуудал ижил байна. Тиймээс хилийн наана, цаана байгаа хөрш зэргэлдээх мужууд ижил арга хэмжээ авахгүй бол нэг муж арга хэмжээ авах нь утгагүй юм” гэжээ. Пакистанчуудын бараг 93 хувь нь маш их бохирдолд өртөж байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байгаа юм. Харин энэ тоо Энэтхэгт 96 хувь байна. Пакистаны Пунжаб мужид жилд 220 мянга орчим хүн нас барж байгаа нь агаартай холбоотой байна. Лахорын замд өдөр бүр 6.7 сая тээврийн хэрэгсэл зорчдог байна.