ИРЭХ ОНД МАН 2.8 ТЭРБУМЫН, АН 2.1 ТЭРБУМЫН, ХҮН НАМ 993 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ТӨРӨӨС АВНА

GNNGNN
Sep 17, 2024  
Sep 17, 2024 - 03:52
 0
ИРЭХ ОНД МАН 2.8 ТЭРБУМЫН, АН 2.1 ТЭРБУМЫН, ХҮН НАМ 993 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ТӨРӨӨС АВНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд УИХ баталсан. Дээрх хуулийн дагуу нийт сонгогчийн нэгээс илүү хувийн санал авсан улс төрийн нам, эвсэлд төрөөс санхүүжилт олгож байхаар болсон юм. Өнгөрсөн 6-р сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд долоон нам, эвсэл Улсын төрийн намын тухай хуульд заасан уг босгыг давж төсвөөс санхүүжилт авахаар болжээ. УИХ-д суудалтай 5, суудалгүй 2 нам, эвсэл татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжих аж.

Тодруулбал

·         Монгол Ардын Нам – 2 тэрбум 819 сая төгрөг

·         Ардчилсан Нам – 2 тэрбум 173 сая төгрөг

·         ХҮН нам – 993 сая төгрөг

·         Үндэсний эвсэл – 446 сая төгрөг

·         Иргэний Зориг Ногоон Нам - 455 сая төгрөг

·         Шинэ нэгдсэн эвсэл - 312 сая төгрөг

·         Үнэн ба Зөв нам – 250 сая төгрөгийн санхүүжилтийг 2025 онд авах тооцооллыг СЕХ-оос хийжээ.

Нийт 7.4 тэрбум төгрөгийг улс төрийн долоон нам, эвсэлд олгохоор төлөвлөсөн бөгөөд СЕХ-оос гаргасан тооцооллыг Үндэсний аудитын байгууллага хянаж, шалгасны дараа санхүүжилтийг эцэслэх юм байна.

Улс төрийн намын тухай хуульд нам, эвсэлд төрөөс 2 төрлийн санхүүжилт олгохоор тусгасан.

Нэгдүгээрт, Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тооноос шалтгаална. Нэг сонгогчийн саналыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээ буюу 3300 төгрөгөөр тооцож санхүүжилт олгоно.

Хоёрдугаарт, УИХ-д тухайн намын авсан суудлын тооноос хамаарч санхүүжилт олгоно. УИХ-д авсан нэг суудлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 16 сая 500 мянган төгрөгөөр тооцож санхүүжүүлэх юм байна.

Зарим улс төр судлаачид татвар төлөгчдийн буюу төсвийн мөнгөөр намуудыг санхүүжүүлэх нь улс төрийн намуудыг бохир мөнгөнөөс холдуулах арга зам гэж тайлбарладаг. Гэхдээ үүний эсрэг талд төрийн санхүүжилт нам дагасан хэсэг хүмүүсийг тэжээх тэтгэмж болж хувирах вий гэсэн болгоомжлол ч байгаа юм.