ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨХМОРЬТ СУМАНД ЭЛСНИЙ НҮҮДЛИЙГ СААРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР 121 ГА ТАЛБАЙГ ХАШИЖ ХАМГААЛЖЭЭ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил (IYRP 2026)-ийн хүрээнд бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар олон улсын өндөр төвшний хурлыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа. Хуралд уг чиглэлээр ажилладаг 20 гаруй олон улсын байгууллагын 150-иад төлөөлөгчид оролцов.
Дэлхийн хэмжээнд хуримтлагдсан мэдлэг, туршлага, тэр дундаа Монгол орны бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, туршлагаас суралцан, энэхүү хурлаар ландшафтыг хэрхэн хамгаалах, тогтвортой менежмент хэрэгжүүлэх, нөхөн сэргээх боломж, арга замыг хэлэлцлээ. Үүний зэрэгцээ биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмжих, хөрсийг сайжруулах, байгальд ээлтэй хүнсний тогтолцоог хөгжүүлэх асуудлуудад хуралд оролцогчид анхаарлаа хандуулж нэгдсэн зөвлөмж гаргах ажээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ хурлын үеэр цөлжилтийг бууруулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцууллаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нутгийн иргэдтэй хамтран сүүлийн 20 жилд 144 булгийн эхийг хашиж хамгаалсан төдийгүй зургаан цөөрөм байгуулаад байна. Ингэснээр хашсан булгуудын 70 гаруй хувийнх нь усны ундарга нэмэгдэж, ус намгархаг газрын 62.7 га талбайг хамгаалжээ.
Мөн Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалсан байна. Үнэндээ Хөхморьт сумыг өмнө нь элсэндээ дарагдсан сум хэмээн ярьдаг байсан бол эдүгээ байдал огт өөр болжээ. Сумын төвд автомашин элсэнд суудаг байсан цаг түүх болж, иргэд сумын төвөөрөө чөлөөтэй алхдаг болжээ. Талбай хашаалсаны үр дүнд хангай нутгийнхан ч атаархмаар олон зүйлийн ургамал халиуран ургаж, тэр хэрээр элсний нүүдлийг сааруулж чадлаа. Мэдээж энэ бол цөлжилттэй тэмцэх төгс арга биш, хамгийн гол нь нутгийн иргэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчилж байгальдаа ээлтэй байдлаар амьдрах зайлшгүй шаардлага байгааг мартаж болохгүй юм.
