COP-ЫГ ОЙЛГОХ НЬ: 1992 ОНД РИО ДЕ ЖАНЕЙРО ХОТНОО СУУРИА ТАВЬЖ, 1995 ОНД СОР1 ХУРАЛ БОЛЖЭЭ

GNNGNN
Aug 26, 2026  
 0
COP-ЫГ ОЙЛГОХ НЬ: 1992 ОНД РИО ДЕ ЖАНЕЙРО ХОТНОО СУУРИА ТАВЬЖ, 1995 ОНД СОР1 ХУРАЛ БОЛЖЭЭ

Өнөөдөр дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар жил бүр цугладаг СОР хурал олон улсын хамгийн том, анхаарал татсан дипломат үйл явдлуудын нэг болоод буй.

Төрийн тэргүүнүүд, засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэд, бизнесийнхэн, байгаль орчны байгууллагууд нэг дор цуглаж, хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах, хөгжиж буй орнуудад ямар хэмжээний санхүүжилт олгох зэрэг асуудлаар хуралдаж, хэлэлцдэг билээ.

Гэхдээ COP анхнаасаа ийм том хэмжээний уулзалт байсангүй.

Өнөөдрийн COP-ын үндэс 1992 онд тавигдаж, анхны COP ердөө гурван жилийн дараа буюу 1995 онд Германы Берлин хотод зохион байгуулагдсан түүхтэй.

COP яагаад хэрэгтэй болсон бэ

Уур амьсгалын өөрчлөлт бол нэг улсын хилээр хязгаарлагддаг асуудал биш.

Нэг улсын үйлдвэрээс ялгарсан нүүрсхүчлийн хий дэлхийн агаар мандалд тархана. Нэг улсын нүүрс, нефть, хий шатааснаас үүссэн ялгарал дэлхийн дулааралд нөлөөлнө. Үүний үр дагавар нь харин өөр тивд ган, үер, халалт, цөлжилт, цэвдэг хайлах хэлбэрээр илэрч болно.

Тиймээс улс орнууд дан дангаараа биш, нэг ширээний ард сууж, нийтлэг дүрэм тохиролцох шаардлагатай болсон юм.

Энэ санаа 1990-ээд оны эхээр НҮБ-ын түвшинд эрчимтэй яригдаж эхэлсэн. Улмаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэмжээний суурь гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлжээ.

1992 онд COP-ын эхлэл тавигдсан бөгөөд Бразилийн Рио де Жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурал, өөрөөр хэлбэл “Дэлхийн дээд хэмжээний уулзалт” болсон. Энэ хурлын өмнө НҮБ-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын гэрээг боловсруулах хэлэлцээ аль хэдийн явагдаж байв.

Үүний үр дүнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц буюу UNFCCC бий болсон. Конвенцыг НҮБ 1992 оны тавдугаар сарын 9-нд баталж, зургаадугаар сард Рио де Жанейрод болсон хурлаар улс орнууд гарын үсэг зурах боломжтой болгож байжээ. Энэ конвенц бол өнөөдрийн COP-ын төрсний гэрчилгээ гэж хэлж болно.

Гэхдээ нэг чухал ялгаа бий нь, 1992 онд COP хурал зохион байгуулагдаагүй. Харин COP-ыг зохион байгуулах эрх зүйн үндэс болсон UNFCCC байгуулагдсан. 1994 онд конвенц хүчин төгөлдөр болов. Олон улсын гэрээ батлагдсан даруйдаа хэрэгждэггүй бөгөөд тодорхой тооны улс орон соёрхон баталж, гэрээнд заасан нөхцөл биелсний дараа хүчин төгөлдөр болдог.

UNFCCC 1994 оны 3 дугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болж, конвенц албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Ийн 1995 оны 3-р сард Герман Улсын Берлин хотноо СОР1 хурлыг зохион явуулсан байдаг.

COP гэдэг нь Conference of the Parties, монголоор “Талуудын бага хурал” гэсэн утгатай. “Талууд” гэдэг нь UNFCCC-д нэгдэн орсон улс, бүс нутгийн эдийн засгийн байгууллагуудыг хэлнэ. Өөрөөр хэлбэл COP гэдэг нь зүгээр нэг уур амьсгалын тухай эрдэм шинжилгээний хурал биш. Энэ бол олон улсын гэрээнд нэгдсэн талууд тухайн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, дараагийн шийдвэрүүдийг хамтран гаргадаг албан ёсны механизм юм.