10 НАСТАЙ ОХИНЫ АЛГА БОЛСОН ХЭРЭГТ ОЙР ТОЙРНЫХ НЬ ХҮМҮҮСИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАЖ, ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн юм.
Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд хөрш айлынхан нь ногооны талбай явна гэхэд нь охин дагаж явъя гэсэн ч "Халуунд ядарна" хэмээн охиныг машинаасаа буулгаад үлдээжээ. Түүнээс хойш охин өнөөдрийг хүртэл ор сураггүй байна.
А охин Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог аж.
Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хоёр удаа ес, зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж ажилласан байна.
Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаанд, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Онцгой байдлын 48 дугаар анги; Зэвсэгт хүчний 123 дугаар анги; Аймгийн Цагдаагийн газар; Буянт сумын Цагдаагийн хэсэг; Аймгийн Шүүх шинжилгээний газар; Сумын Мэргэжлийн анги; Ар гэрийнхэн нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар оролцож, эрэн хайх ажиллагааг ажиллагааг найм дахь өдрөө зохион байгуулж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагаас охины алга болсон хэрэгт холбогдуулан ойр тойрных нь хүмүүсийг сэжигтнээр татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.
