ОЙ, БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ 200 САЯ ЕВРО, 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ БҮРДЭВ

GNNGNN
Aug 24, 2026  
 0
ОЙ, БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ 200 САЯ ЕВРО, 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ БҮРДЭВ

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өндөр түвшний долоо хоногийн хүрээнд өнөөдөр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) Монгол Улсын Засгийн газартай  200 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломж тусгасан "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурав.

Уг баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, ЕХОБ-ын Дэд Ерөнхийлөгч Гелсомина Виглиотти нар гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните зэрэг өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид оролцлоо.

Эрмэлзлийн захидлын хүрээнд Монгол Улсын тогтвортой ойн аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран 200 сая хүртэлх еврогийн санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорьж байна. Үүнээс,

-Европын Холбооноос техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж

-100 сая хүртэлх еврог Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээл, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллана.

Дээрх санхүүжилт орж ирснээр  ой модоо хамгаалах, доройтсон газраа нөхөн сэргээх, орон нутагт бизнес хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх юм.  ЕХОБ нь Европын Холбооны зээл олгогч байгууллага бөгөөд Европын Холбооны 27 гишүүн орны хамтын өмчлөлтэй, дэлхийн хамгийн том олон талт хөгжлийн банкнуудын нэг юм. 

Хоё дахь түншлэл болох "Тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент" (SMILE) хөтөлбөрийн хамтарсан мэдэгдэлд Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэлхийн Банк Группийн  Дэд Ерөнхийлөгч Гуанже Чен нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах, байгалиа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх, орон нутгийн эдийн засгийг дэмжих ажлыг хамтад нь хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Монголчууд бид олон мянган жилийн турш байгальтайгаа зохицон амьдарч, газар нутаг, ой мод, ус, бэлчээртэйгээ амьдрал ахуй, соёл уламжлалаараа салшгүй холбогдож ирсэн ард түмэн. Энэ үнэт уламжлалаа хадгалж, ирээдүй үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ байгалиа хамгаалах, нөхөн сэргээх үйлсийг бодит хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломж, иргэдийн амьдралд хүрэх үр өгөөжтэй холбох нь өнөөдрийн бидний чухал зорилт юм. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын нэг гол зорилго ч үүнд оршиж байна.

Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт нь эдийн засгийн шинэ боломж нээж, ажлын байр бий болгож, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд бодит үр өгөөж авчрах ёстой. Өнөөдөр эхлүүлж буй хоёр түншлэл бол энэ зорилгыг бодит ажил болгох чухал алхам юм. Эдгээр түншлэл нь бидний их ажлын дөнгөж эхлэл бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын үлдэх бодлогын өв болох "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бид сайхан зорилго дэвшүүлэхээс цааш алхаж, амлалтаа ажил болгож, зорилгоо хөрөнгө оруулалт болгож, хөрөнгө оруулалтаа ард иргэдэд хүрэх үр дүн болгохыг хүсэж байна.

Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт бол Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт юм. Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Европын Холбоо, Дэлхийн Банк Групп болон нийт түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.