Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулсан Санхүүжилтийн өдрөөр газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт, хүнсний аюулгүй байдал, экосистемийг хамгаалахад чиглэсэн шинэ санхүүжилт, хөрөнгө оруулалтын амлалтуудыг улс орон, олон улсын байгууллагууд зарлалаа.
Санхүүжилтийн өдрийн гол арга хэмжээ болох “Эрүүл газар ба гангийн тэсвэржилтийн шинэлэг санхүүжилтийн механизм” сэдэвт Сайд нарын хэлэлцүүлгийн үеэр цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэлхийн хэмжээнд жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилт дутагдаж байгааг онцлов.
Хэлэлцүүлэгт оролцогчид газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтийн төслүүдийг зөвхөн төсөв, буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх бус, төр, хувийн хэвшлийн хөрөнгийг уялдуулах, ногоон бонд, экосистемийн үйлчилгээний төлбөр, өрийн болон эрсдэл хуваалцах санхүүгийн шинэ хэрэгслүүдийг өргөн ашиглах шаардлагатайг онцоллоо. Мөн үндэсний гангийн төлөвлөгөөг хөрөнгө оруулалт татах боломжтой төслийн багц болгон хөгжүүлэх шаардлагыг дэвшүүлэв.
ШИНЭ САНХҮҮЖИЛТИЙН АМЛАЛТУУД
COP17-ын Санхүүжилтийн өдрийн үеэр зарласан санхүүгийн амлалтуудаас дурдвал:
• Африкийн хөгжлийн банк ирэх таван жилийн хугацаанд Африкийн найман улсын хүнсний тогтолцооны тэсвэржилт, иргэдийн амьжиргаа, экосистемийг дэмжихэд 500 сая ам.доллар төвлөрүүлэхээ зарлав.
• Люксембург Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын механизмыг хэрэгжүүлэхэд 2 сая евро олгохоор мэдэгдэв.
• Испани Олон улсын гангийн тэсвэржилтийн холбоонд 10 сая евро, Даян дэлхийн байгаль орчны сангийн GEF-9 нөхөн бүрдүүлэлтэд 10 сая евро, нийт 20 сая евро амлав.
• Герман CompensACTION санаачилгын төслийн багцыг өргөжүүлж, хувийн хэвшлийн санхүүжилтийг татахад 11 сая евро олгохоор зарлав.
• Европын Холбоо дэлхийн хуурай бүс нутгийн экологийн нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, тэсвэржилтийг дэмжих Thrivelands Initiative санаачилгад 20 сая евро олгохоор мэдэгдлээ.
Мөн Азийн хөгжлийн банк Катарын Хөгжлийн сан болон Middle East Green Initiative-тай хамтран тогтвортой хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг дэмжих Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification Initiative шинэ санаачилгыг эхлүүлснээ зарласан байна.
Эдгээр санхүүгийн амлалт, санаачилгууд нь Конвенцын хэрэгжилтийг дэлхийн хэмжээнд эрчимжүүлэх, ялангуяа хөгжиж буй улс орнуудын газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэржилтийг бэхжүүлэх, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ БОЛ ЗАРДАЛ БУС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
COP17-ын Санхүүжилтийн өдрийн хэлэлцүүлгээр газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн санхүүжилтийг байгаль орчны зардал бус, эдийн засаг, нийгэм, экосистемийн урт хугацааны өгөөж бий болгох стратегийн хөрөнгө оруулалт гэж үзэх шаардлагыг онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр газрын нөхөн сэргээлтийн төсөлд хийсэн хөрөнгө оруулалт найм дахин хүртэл өгөөж өгөх боломжтой боловч өнөөгийн хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй хэвээр байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн газрын доройтлын эсрэг арга хэмжээ авахгүй байх өртөг нь нөхөн сэргээлтэд шаардлагатай зардлаас гурав дахин өндөр байгааг онцолсон юм.
Иймээс газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн, эдийн засгийн өгөөж нь тодорхой, санхүүжилт татах боломжтой төсөл, хөтөлбөр болгон хөгжүүлэх нь цаашдын гол зорилтын нэг болж байна.
Сайд нарын хэлэлцүүлгээр олон улс ногоон бонд, өрийг байгаль хамгааллын хөрөнгө оруулалтаар солих механизм, баталгаа, даатгал, экосистемийн үйлчилгээний төлбөр, холимог санхүүжилт зэрэг шинэ хэрэгслийг ашиглан хувийн хөрөнгийг татах шаардлагатайг мөн дэвшүүлэв.
Ийнхүү COP17-ын Санхүүжилтийн өдөр цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн зорилтуудыг бодит хөрөнгө оруулалттай холбож, газрыг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг эдийн засгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болгон өргөжүүлэх асуудлыг олон улсын түвшинд онцоллоо