ҮНЭ ХАНШ: ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 13 ХУВИАР ӨСӨЖ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР БУУРЧЭЭ
Инфляц улсын хэмжээнд 13 хувийн өсөлттэй гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өсжээ.
2026 оны долоодугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 14.2 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 25.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.3 хувиар тус тус өссөн байна.
Харин Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 15 хувь, Улаанбаатарт үйлчилгээний бүлгийн үнэ 10.3 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 27.4 хувь, Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 8.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгаа юм.
Инфляцын түвшин 2025 оны долоодугаар сард 8.1 хувь байсан бол энэ оны долоодугаар сард 13 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувиар (17.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.6 нэгж хувиар (35.3%) тус тус нөлөөлжээ.
Инфляцын түвшин өнгөрсөн сард улсын хэмжээнд 13 хувь гарсны 7.0 (53.7%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.9 (7.1%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 1.5 (11.3%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 0.8 (5.8%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөхөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 25.5 хувь (согтууруулах бус ундааны дэд
- бүлгийн үнэ 4.4 хувь),
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 12.6 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.2 хувь,
- гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 8.7 хувь,
- эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.5 хувь,
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь,
- даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.0 хувь,
- бусад бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.
Инфляц 2026 оны долоодугаар сард 13 хувь гарсны 3.5 (26.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Өнгөрсөн сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 55.9 хувиар, хонь, ямааны махны үнэ 63.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсөхөд гурил болон бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 11.0 хувиар, гоймонгийн үнэ 33.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Монголбанкны зүгээс долоодугаар сард гарсан инфляцын өндөр өсөлтийг мах, шатахуун болон төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлттэй холбон тайлбарласан юм. Иргэдийн амьжиргааны зардал ийнхүү өсөхөд, хүнс болон шатахууны үнийн өсөлт томоохон жин эзэлж байна. Хүнсний бүтээдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс 25.5 хувиар өсөж, нийт үнийн өсөлтийн 53.7 хувийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь инфляцын 13 хувийн өсөлтийн 7 хувь нь хоол, хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалсан гэсэн үг.
Үнийн өсөлтийг бүс нутгаар нь авч үзвэл, Улаанбаатар хотод мөн л 13 хувьтай гарсан. Тэгвэл Сүхбаатар аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэ аймагт 18.1 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна. Баруун бүсэд хүнсний бүтээгдэхүүний хамгийн өдөр буюу 27.4 хувийн өсөлт үзүүлжээ.
