ЕРӨНХИЙ САЙДЫГ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХӨД ХҮРГЭСЭН БОДИТ ШАЛТГААНУУД

ЕРӨНХИЙ САЙДЫГ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХӨД ХҮРГЭСЭН БОДИТ ШАЛТГААНУУД

GNNGNN
May 20, 2025  
 0
ЕРӨНХИЙ САЙДЫГ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХӨД ХҮРГЭСЭН БОДИТ ШАЛТГААНУУД

Сүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад шалтгаан нь ердөө л Баялгийн сан, бас Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хуультай холбоотой. Улс төр захалж гадарладаг, нийгмийн төвд алхдаг хүн бүр л үүнийг ойлгож байгаа юм.

Эхний хуулийг хэрэгжүүлэх, дараагийн хуулийг боловсруулах үүрэг энэ Засгийн газарт оногдсон. Хэрэгжүүлж, боловсруулаад, ажил болоод ирэнгүүт асуудал өөрөөр эргэж байх шиг байна. Ерөнхий сайдыг нь онилж аваад балбав.

Үнэнийг хэлэхэд, энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олныг Монголд хэрэгтэй томоохон төсөл арга хэмжээ рүү чиглүүлж ажиллуулбал гайхалтай үр дүн гаргахаар харагдав

Баялгийн сан бол ойлгомжтой байна. Албан ёсоор стратегийн ордоор тогтоогдсон 16 ордын долоо нь хагас дутуу төрийн буюу нийтийн мэдэлд байдаг. Үлдэх есийнх нь лиценз нь хэн нэгэн хувь хүн, эсвэл компанийн нэр дээр байна.

Төрд байгаа гэх долоон ордын нэг Тавантолгойн нэг хэсэг “Ухаахудаг” 2008 онд хувийн компанид шилжчихсэн. Ингэхдээ, УИХ, Засгийн газрын тогтоолгүй шийдэгдсэн. Тиймээс Ухаахудагийг хууль ёсны болгож аваад, Баялгийн санд үр өгөөжийг нь хуримтлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч, УИХ удаж удаж хүлээж аваад, “…Хэлэлцэх эсэхээ намрын чуулганаар шийднэ” гээд гацаачихсан. Гэтэл, “Ухаахудаг”-ийг эзэмшиж буй MMC компани гаднын банкнаас 350 сая ам.долларыг 2030 он хүртэл 8.44 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь тус ордын лицензийг тавьжээ.

Хэрэв, “Ухаахудаг”-ийг Баялгийн санд авах УИХ-ын шийдвэр гарвал MMC компани 350 сая ам.долларын зээлээ хоёр сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэг хүлээж үлдэх юм байна. Иймээс л өнөөдрийн улс төрийн үйл явц өрнөсөн гэлцээд эхэллээ

Нөгөөтэйгүүр, “Ухаахудаг”-ийн эзэд Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төслөөр дамжуулж Тавантолгойг бүхэлд нь авах гэж олон жил оролдсон. Ингэхийн тулд улс төрд асар их мөнгө зарсан. Хамтрахаар ярьж байсан “Чайна энержи”-ийн талд “...Бид Монголын улс төрийг бүрэн хянаж байгаа” гэж ойлгуулсаар ирсэн.

Гэвч, энэ Засгийн газар тус төслийг хөдөлгөж, ингэхдээ дундын зуучлагч компанигүйгээр хоёр улсын Засгийн газрын ажил болгоод эхлүүлчихсэн. Энэ нь тэдний хүсэлд цэг хатгачихсан. Тэгээд л, Ерөнхий сайдыг унагах улс төрийн акц эхэлсэн. Ийм үндсэн шалтгаантай юм.

Ер нь л, манай “баялаг бүтээгчид” гэж өөдгүй л дээ. Баялаг ухахаас өөр шидийг улс орондоо хйидэггүй л дээ. Бизнес нь дандаа бэлэн барааны импорт, үйлчилгээ нь хүртэл франчейзинг байдаг. Монголчуудаас хураасан мөнгө нь гадагшаа л шилждэг. Монголдоо, энүүхэн Богд уулын зүүн ард эзэмшдэг газрынхаа төлбөрийг ч төлөлгүй унждаг.

Дараагийн асуудал болох Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль байна. Ер нь л бүгд баларна даа. Дэндүү ойлгомжтой. Энэ батлагдвал өмнөх, одоогийн улстөрчид бүгдэд нь хамаатай хууль гарна. Бод доо, хэдэн жилийн өмнөх сайдын цалингаараа буудлагын спортын төв нээчихсэн гишүүн байна. Хэд хоногийн өмнө тэндээ гишүүдийг аваачиж тэмцээн зохиосон. Энэ бол жижигхээн жишээ шүү.

Ер нь тэгээд, улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаад хэрэгт холбогдсон нөхдүүд хил даваад зугтчихдаг болсон. Намтрыг нь үзэхээр насаараа нам, төр бараадсан байдаг. Тэд очсон улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн дүүрэгт хэдэн жилийн турш тансаг амьдардаг жишээ цөөнгүй байна. Энэ мэтээр, эрүү мултартал гайхуулахаар эд хөрөнгө энэ хууль батлагдахаар илэрч гарч ирнэ. Бараг л, Баялгийн сангийн нэг салбар санг түүгээр бүрдүүлбэл дүүрч мэднэ. Тиймээс уг хууль улс төрөө даалгүй, Засгийн газрын босгоор давалгүй гацчихаад байв.

Хамгийн гол нь Засгийн газар, Ерөнхий сайд нь ингээд бай болоод зогсчихоор УИХ шийдэл гаргах шаардлага үүсэж байгаа юм. Гэвч, УИХ-аас албан ёсоор ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй өнөөдрийг хүрлээ. УИХ-ын гишүүд ч бөөрөнхийлсхийгээд өнгөрөөж байна. Зарим нь бүр, Боловсролын зээлийн сангаас бөөн мөнгө аваад сургуульдаа ч төлөлгүй хэрэглээд баларч явсан атал өнөөдөр микрофон болгоны өмнө шударга ёс яриад зогсдог болов. Ингэж, УИХ өөртөө ч итгэхгүй, олон нийт ч УИХ-д эргэлзэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ нь шийдлийг өөр субьект гаргах шаардлагыг үүсгэв

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд “буруудаж”, гал аваад байгаа хоёр асуудлыг ард түмнээр шийдүүлчих нь хамгийн зөв гарц болж харагдаж байна

Манайд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-аар 2016 онд батлагдсан хууль бий. Хуулийн “…Санал асуулгаар шийдвэрлэх асуудал” гэх Дөрөвдүгээр зүйлийн 4.1-т “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна”, 4.2-т “…Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно”, 4.3-т “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заажээ.

Энд яригдаж байгаа Баялгийн сан, Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль хоёр бол яахын аргагүй хуульд заасан “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудал” гэдэгт хамаарна.

Улмаар, “…Баялгийн сантай байж, стратегийн ордуудын үр ашгийг хуримтлуулах нь зөв үү, буруу юу”, “…Улстөрчдийн хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг хураах уу, яах вэ” гэдэг агуулгад хуулийн “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулж болно” гэснээр зохицуулагдчихаж болж байна.

Түүнчлэн хуулийн “…Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд” гэх Тавдугаар зүйлийн 5.1-т “…Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй” гэжээ. Хүсвэл, ард иргэдийн санал асуулгыг санаачлах боломж бүхий гурван субьект байна.

Ер нь бол, манай улс төрд “…Ордоор оролдвол огцордог” гэдэг хэлц хүртэл бий болсон.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн 2016 оны намар нэгэн нэвтрүүлгээр өөрийнхөө огцорсон жишээг ярьж байв. Тэрээр “…Ер нь ажил хийх гэсэн хүн маш их бэрхшээлтэй тулдаг. Ерөнхий сайд гэж жаргадаг хүмүүс биш юм. “Оюу толгой” компани хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөч гэж байсан. Шууд зөвшөөрч болохгүй учраас ажлын хэсэг гаргаад ажиллая гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гараад хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрчихсөн. Би байсан цагтаа хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй. Тавантолгой дээр Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Шенхуа”, Америкийн “Пийбоди”-г оруулаад Ч.Сайханбилэг, Я.Батсуурь ороод ажилласан. 2014 оны 5-6 дугаар сар хүртэл ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргаад явж байтал зогссон. Хэл амаа ололцохгүй байна л гэсэн. Я.Батсуурь болохоор хэл амаа ололцсон зарим хүн зогсоогоод байна гэсэн. Тайлбар: 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Я.Батсуурийг хорьсон. Тэр намар нь манай Засгийн газар огцорсон. Түүний дараа хэлэлцээрээс “Пийбоди” гараад явсан. “Шенхуа” үлдээд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н оронд “MCS” орж ирсэн. Би өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай хүн учраас тэрийг нь зөвшөөрөөгүй. Үүнийг нь Ч.Сайханбилэг бариад явчихна билээ. Ерөнхий сайдаар төрийн гурван өндөрлөг гэж ажиллахдаа арга эвийг нь олоод зохицуулсан зүйл нэлээн бий. Зохицуулж чадаагүй зүйлсийг нь сая хэллээ. Хэрвээ зохицуулсан бол би цаашаа Ерөнхий сайдаар ажиллаад явах боломж байсан. Гэхдээ би тийм хүн биш” гэж байсан юм.