"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК НҮҮРСЭЭ БИРЖИЙН БУСААР АРИЛЖААЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ УДИРДЛАГУУД “ЧЕНЖЛЭХ” БОЛОМЖТОЙ ХЭВЭЭР БАЙНА ГЭВ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК НҮҮРСЭЭ БИРЖИЙН БУСААР АРИЛЖААЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ УДИРДЛАГУУД “ЧЕНЖЛЭХ” БОЛОМЖТОЙ ХЭВЭЭР БАЙНА ГЭВ

GNNGNN
May 14, 2025  
 0
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК НҮҮРСЭЭ БИРЖИЙН БУСААР АРИЛЖААЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ УДИРДЛАГУУД “ЧЕНЖЛЭХ” БОЛОМЖТОЙ ХЭВЭЭР БАЙНА ГЭВ

УИХ-аас 2022 онд баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн арилжааны тухай хуульд зааснаар Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг Засгийн газар баталдаг. Тэгвэл Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 223 дугаар тогтоолоор хайлуур жонш, төмөр, нүүрс, зэс, молибден гэсэн таван нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг Биржээр арижаалахаар тогтоосон байдаг

Дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална.”, 10.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина.” гэж тус тус заасан байдаг

Гэтэл 2025 он гарсаар 05.10-ны байдлаар “Эрдэнэс тавантолгой” ХК нийт 8.8 сая тн нүүрс борлуулснаас нэг сая тонныг л биржээр арилжаалсан байна. Энэ мэдээллийг тус компани дээр Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан Ж.Ганбат өнөөдөр /2025.05.14/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл-ийг хэлэлцэх үед дурдав. Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн арилжааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасныг үндэслэл болгож байна хэмээн тайлбарлах биз. Хэрэв энэ заалтыг үндэслэн борлуулж байгаа бол манай нүүрс үнийн савалгаанд өртөхгүй байх байлаа. Харилцан ашигтай, тогтвортой гэж байна шүү дээ

Ямартай ч уул уурхайн бүтээгдэхүүнийг, тэр дундаа экспортод жин дардаг нүүрсний дийлэнхийг Биржээр дамжуулалгүй арилжаалж байгаа нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд хямд үнээр гаргуулж, цааш нь үнэ өсгөн зарж, өөрөөр хэлбэл, дунд нь “ченж” хийж ашиг олдог байсан өмнөх жишгээр ажиллаж байгаа юм биш ү гэсэн хардлага төрүүлж байгаа юм