ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР ТАРВАЛ БИ АЖЛАА ӨГНӨ” ГЭЖЭЭ

Төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал болж, Төрийн ордонд улс төрийн уур амьсгал нэлээд хурцадсан өдөр байлаа, өчигдөр. Хуваарь ёсоор хоёр намын бүлэг хуралдсан.
Үүнээс МАН-ын бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдаж, Засгийн газрын хувь заяаг хэрхэхийг хэлэлцсэн гэхэд болно. Бүлгийн гишүүдээс хамтарсан Засгийн газрыг тарааж, МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлээд амжжээ. Гэхдээ тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, тэдний энэ удаагийн уулзалт нэлээд удаан үргэлжиллээ. Мөн л тодорхой шийдэлд хүрээгүй гэхэд болно. Ерөнхийлөгчийн зүгээс дангаараа Засгийн газар байгуулахыг санал болгосон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө” гэж хэлснээр уулзалт дуусжээ. Улс төрийн нөхцөл цаашид яаж үргэлжлэх анхаарлын тэмдэгтэй үлдэж байна. Өчигдөр болсон бусад үйл явдлыг тоймлон хүргэж байна.
МАН: Гэрээгээ зөрчиж буй АН-тай хамтрах шаардлага байна уу
МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Бүлгийн гишүүдээс Ерөнхий сайдад “АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьж байна. Гэрээгээ зөрчиж буй АН-тай хамтрах шаардлага байна уу” гэсэн асуудлыг тавьжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан засгаас АН-ыг гаргах эсэх нь намын Удирдах зөвлөл болон Бага хурлаар шийдэх асуудал. Хэрэв бүлгийн гишүүдийн олонх АН-ыг Хамтарсан засгаас гаргая гэж шийдвэл Удирдах зөвлөл, Бага хурал хуралдуулъя” гэсэн байна. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “126 гишүүнтэй парламентад МАН болон бусад намын гишүүдийн тооны харьцаа хол зөрүүгүй. Хэрэв хамтарсан Засгийн газрыг унагаавал УИХ-д хууль батлах үндсэн үйл ажиллагаа гацаанд орно. Хуулиа баталж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамтарсан Засгийн газрыг огцруулж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. Эцэст нь МАН-ын бүлгийн хурлаар хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй. Мөн МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдуулах шийдвэр ч гараагүй байна.
АН: Хамтарсан засгийн газрын гэрээ ил байдаг
АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцээгүй. Харин Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явцыг хэлэлцжээ. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл бүлгийн хуралдаанаар гарч ирээд мэдээлэл өгөхдөө “Ерөнхий сайдын асуудлыг бүлэг хэлэлцээгүй. Хуульд заасны дагуу Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байна. Хуулийн дагуу шалгаад үнэхээр хууль бус байгаа нь илэрвэл хариуцлага тооцох боломжтой. Үүнийг шалгаж, тогтоодог байгууллага тусдаа бий. Ямар ч байсан Ерөнхий сайд шалгуулахад бэлэн байгаа юм байна. Ард түмнээсээ уучлалт гуйж байгаа юм байна. Манай намын хувьд асуудлаа нээлттэй ярьдаг. Олон талын байр суурьтай гишүүд байдаг. Нам дүрмийнхээ дагуу асуудлаа шийдээд явна. Намын шийдвэр нам дээрээ, төрийн шийдвэр төр дээрээ байх нь зөв. Хамтарсан засгийн газрын гэрээг ил байдаг гэж ойлгож байна” гэлээ. Үүнтэй зэрэгцээд АН-ын гишүүд УИХ-д энэ намыг төлөөлж суугаа 42 гишүүн, түүнийг ахалж байгаа АН-ын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ. АН-ын гишүүд эхлээд АН хамтарсан Засгийн газраас яаралтай гарахыг шаардав. Энэхүү шаардлагадаа АН иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Хамтарсан Засгийн газраас гарч, хяналтын үүргээ бэхжүүлэхийг онцолжээ. Хэрэв чадахгүй бол Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах хөдөлгөөн эхлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэв.
ХҮН: Ийм асуудлаас болж, Засгийн газар нь огцорч болохгүй
ХҮН намын зөвлөл өчигдөр хуралдаж, намын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “ Эрх мэдэлтэй хүмүүс нь бүгдээрээ орлогоо нотлоё. Нотолж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээж, үүрд явна. Үгүй бол тэр их хэмжээний мөнгө эргүүлэн төл гэдэг байдлаар хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар ярьж байна. Энэ ажлыг Ерөнхий сайд өөрөө манлайлан хийж байна. Өөрөө орлогоо нотолно. Хэрвээ нотолж чадахгүй бол ажлаа өгнө. Мөн бидний хувьд ийм асуудал гарвал орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө. Ямар ч асуудал байхгүй. Энэ зарчим бол зөв. Цаашлаад Засгийн газар хоорондын үргэлжилж буй тогтолцоог зогсоохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Монгол Улс хаалттай, ядуу байна. Дэлхий даяараа хөрөнгө оруулалтын орчин маш тааруу байна. Тарифын бодлогоос болж хөрөнгө оруулалт алга байна. Монгол битгий хэл Хятад, Орос улсад хөрөнгө оруулалт хийхгүй байна. Энэ үед гадаад экспортоо сайн хийж, ажлын байр бий болгож, эдийн засгаа тэлэх боломжгүй. Тиймээс тогтвортой Засгийн газар, бодлогыг хүсч байна. Тийм болохоор ХҮН нам, АН хамтарсан Засгийн газарт орсон. Түүнээс биш зөөлөн суудал хүсч, халуун хөнжилд ороогүй ээ. Худлаа ярьж, хулгай хийх өчүүхэн ч эрх ашиг байхгүй. Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй” гэв.
“Огцрох амархан” эсэргүүцлийн жагсаал үргэлжлэв
“Огцрох амархан” эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд энэ сарын 14-нд эхэлсэн. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс орлогоо нотлохыг шаардсаар байгаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой хэмээн гарын үсэг цуглуулж байгаа юм. Өчигдрийн байдлаар УИХ-ын таван гишүүн Засгийн газрын тэргүүн огцрох ёстой гэж үзэн, гарын үсгээ зурсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин