“ДЭЛХИЙН НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Жил бүрийн тавдугаар сарын 2-ны өдрийг 2006 оноос хойш дэлхий даяар “Дэлхий нүүдлийн шувуудын өдөр” болгон тэмдэглэж иржээ.
ДЭЛХИЙ ДЭЭР 10 МЯНГА ГАРУЙ ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ШУВУУ БАЙДГААС 1800 ТӨРӨЛ ЗҮЙЛ НЬ НҮҮДЭЛЛЭЖ АМЬДАРДАГ АЖ.
Монгол оронд дөрөвдүгээр сараас эхлэн нүүдлийн шувууд ирдэг. Зарим шувууд эрт, зарим нь орой нүүдэллэдэг. Учир нь намар цагт жимс ногоо ид боловсордог учраас жимсэн идэштэй шувууд орой нүүдэллэдэг ажээ. Харин сэрүүн орохоор шавж хорхой багасдаг учраас шавж идэштэн шувууд эрт буцна.
ШУВУУДЫН ОЙРХОН НҮҮХИЙГ ШИЛЖИХ ГЭДЭГ.
Тухайлбал, Монголоос Хятад хүрэх мэт ойрхон замыг хэлдэг байна. Алс нүүдэллэх гол замыг Австрали-Азийн зам, Ази-Энэтхэгийн зам, Азиас Америк руу чиглэсэн зам гэж хуваан үздэг. Шувууд нүүдэллэхдээ нэгдүгээрт од сараар баримжаалж, хоёрдугаарт генетикийн хувьд удамшсанаар, гуравдугаарт өндөр уулс бараадан нүүдэг гэсэн таамгуудыг судлаачид дэвшүүлдэг. Үүнээс хамгийн боломжтой нөхцөл нь од сараар баримжаалах юм гэж үздэг байна. Учир нь шувууд бүрэнхийгээр нүүдэллэдэг ажээ.
Улаан номонд нэн ховордсон болон агнахыг хориглосон олон шувуудыг бүртгэжээ. Тухайлбал, хар тогоруу, реликт цахлай, цэн тогоруу, борцгор хотон, хар өрөвтас, хуруут хун, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, гургуул, хурган тутгалжин, жороо тоодог, хургач бор, цагаан тогоруу, халбаган хошуут, гангар хун, хошуу галуу, явлаг сар, цасны хажир, тоодог зэрэг шувууд багтжээ.
Монгол улсад одоогийн байдлаар 487 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Шувуудыг оршин амьдрах хэлбэрийн хувьд суурин амьдралтай, нүүдлийн, дайран өнгөрдөг, өвөлждөг, тохиолдлоор дайралддаг хэмээн ялгадаг.
Идэш тэжээлээр нь шавж идэштэй, ургамал идэштэй, загасаар хооллодог, мэрэгчээр хооллодог, шувуугаар хооллодог, сэг зэмээр хооллодог, элдэв идэштэн гэх мэтээр ангилан авч үздэг. Монгол орны шувууд ихэвчлэн тавдугаар сараас зургаадугаар сард үүрлэж, үрждэг.