Б.ХУРЦЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭВ
Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Хурцыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны зургадугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Тус шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны зургадугаар сарын 3-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 08:30 цагт шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.
Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нь Б.Хурцыг УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн гэх Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг бус, тус намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан нэр дэвшигчдийг Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ардчилсан намын даргаас тодруулсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгч Б.Хурцын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.