ЗУДАД НЭРВЭГДСЭН МАЛЧДАД ТУСЛАХ ЗОРИЛГООР НҮБ-ААС $1.55 САЯЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.
Монгол Улс дахь Хүмүүнлэгийн тусламжийн багаас зудтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх талаар гаргасан уриалгын дагуу Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сан (ОБНС)-гаас 1.55 сая ам.долларын санхүүжилт олгоно.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн баг нь нийт 200 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатайг судалж тогтоосон бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн эмзэг хэсэг болох 77 мянган иргэнд материаллаг болон бэлэн мөнгөн тусламж үзүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд нийт 7.43 сая гаруй толгой мал хорогдож, олон мянган малчдын амьжиргаа доройтож байна. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаанд зудын хор уршиг малчдын амьжиргаа, ялангуяа тэдний үр хүүхдийн эрүүл мэнд, боловсролд наад зах нь гурав жил сөргөөр нөлөөлдөг болохыг дурьджээ.
“Онцгой байдлын хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн их хохирол амссан малчдын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг дэмжин хамгаалах, хүнс, шим тэжээл, боловсрол зэрэг нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. НҮБ-ын энэхүү хамтарсан хөтөлбөр нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гамшигтэй тэмцэх хариу арга хэмжээг дэмжиж байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай эмзэг бүлгийн малчдад олон талын дэмжлэг туслалцаа болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра тэмдэглэв.
Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ – 700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан – 350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан – 500 мянган ам. доллар)-аар дамжуулан хүргэнэ. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн 12,050 хүн хүртэнэ.
Зорилтот малчин өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн мөнгөн тусламж, хүнс, хэрэгцээт зүйлсийн эрхийн бичиг, сэтгэл зүйн зөвлөгөө болоод боловсрол, хүнс тэжээл зэргийг Монгол Улсын хэмжээнд зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн есөн аймгийн 72 сумдад хүргүүлнэ.
Тухайлбал, 2000 малчин өрхийн амьжиргааг сэргээхэд зориулж бэлэн мөнгөний тусламж (нэг өрхөд 660’000 төгрөг) олгоно. Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ нь зудын эрсдэлийг даван туулах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор 2 сая гаруй тун вакциныг тарааж байна.
Тусламжийн багагүй хувийг хөдөө орон нутгийн малчин эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нэн шаардлагатай тусламж дэмжлэг хүргэхэд зарцуулна.
Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6,700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл олгохын зэрэгцээ 3,300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүнсний нэмэлт тэжээл олгоно. Түүнчлэн 2,000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжих сургалтын хэрэгсэлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлнэ. Мөн гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг хүүхэд хамгааллын хамтарсан багуудаар дамжуулан хэрэгжүүлж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг сайжруулж, нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээг алслагдсан сумын 3000 хүүхдэд хүргэнэ.
Тэгвэл НҮБ-ын Хүн амын сан нь зудад өртсөн эмэгтэйчүүд тэр дундаа жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, дотуур байранд амьдарч байгаа өсвөр насны охид зэрэг нийт 4,000 эмэгтэйчүүдэд Эрүүл ахуй, ариун цэврийн багц тараах юм. Байгалийн гамшиг, онцгой байдлын аюулд өртсөн охид, эмэгтэйчүүд өөрийн оршин суугаа орон нутагтаа сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Аюулгүй орон зай”-г таван аймгийн таван сумдад бий болгоход НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг мөн чиглэнэ. Түүнчлэн хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, бие махбод, бэлгийн болон сэтгэл зүйн аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд дэмжлэг үзүүлнэ.
НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, уур амьгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тус улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажиллаж байна.