ЗАМЫН ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

GNNGNN
Sep 17, 2026  
 0
ЗАМЫН ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тогтвортой дэд бүтцийн салбар хариуцсан захирал Харри Бойд-Карпентер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд бодит дэмжлэг үзүүлж, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж буй Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны саналаа дэвшүүлэв.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилтийн механизм, хотын дэд бүтцийн төслүүдийн талаарх туршлагаа хуваалцлаа. Талууд хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах, цаашдын бодит боломж, шинэ санаачилгуудыг дэвшүүлж, Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихээ илэрхийлэв.  

Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 4 га талбайд 712 айлын нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих төслийн талаар хэлэлцлээ.