ШАТАХУУНГҮЙ, ШАХМАЛ ТҮЛШГҮЙ, ТОГГҮЙ ЯАЖ АМЬДРАХ ВЭ, ЗАСГИЙН ГАЗАР АА
Монголчууд бид одоо өдрийнхөө дийлэнх цагийг бараг шатахууны дараалалд зогсож өнгөрөөж байна. Ямар сайндаа “Олон сайхан залуу ид хийж бүтээх насан дээрээ шатахуунд дугаарлаж байна” гэсэн хошин яриа хүртэл гарах вэ дээ.
Салбар хариуцсан сайд нь баяр наадмын үеэр “Ямар нэгэн асуудалгүй, дуртай газар руугаа явцгаа” гээд инээгээд байсан ч удалгүй балга бензингүй болчихсон. Түүнээс хойш гурван сарын хугацаанд шатахууны дараалал буурсангүй. Нэг хэсэг өөрөө шатахуун түгээх станцуудаараа ногоон хувцастай, гар нь халаасандаа, тойроод л загнаад байсан бол одоо дэд сайддаа энэ асуудлаа даатгачхаад алга боллоо.
Нөгөө дэд сайд нь өдөр болгон тогтсон цагт нөхцөл байдлын мэдээлэл хийж, өмнөө хэдэн сайт суулгахаас гавьтай ажил хийхгүй юм. Харин сайд Г.Дамдинням хаа нэг “Орос явлаа, Хятад явлаа” гэж сошиал сувагтаа пост оруулахаас хэтрэхгүй л байна. “Намайг сайдаас буухаар улс бензинтэй болчих юм бол ажлаа өгөхөд бэлэн” гэж хэлээд байхад л энэ хүнийг сэнтийгээс нь өдийг хүртэл буулгасангүй. Дараагийн хүн нь одоогийнхоосоо муу ажиллаж магадгүй, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байх гэсэн таамгаар ажлаа хийхгүй байгаа хүнийг албан тушаалд байлгаад байж таарахгүй.Г.Дамдинням олоод ирж байгаа шатахууныг захын би ч яваад аваад ирмээр санагдах юм. Хомсдолтой, юу ч байхгүй өнөөдөр шиг хоосон саваа хангинуулаад байж хэн ч чадна шүү дээ. Дээрээс нь ард түмэндээ худлаа хэлээд ер болохгүй юм. Тэдийг эдийг аваад ирнэ, асуудалгүй болно л гэнэ. Шатахуун дараалалгүй өгч байгаа колонкуудын мэдээллийг хардаг аппликэйшн бүтээлээ л гэсэн. Гэтэл тэр нь ажилладаггүй, худлаа заадаг тухай олон нийт мэдэгдээд эхэлсэн байсан. Олдоц муу, дээрээс нь шатахуун, түлшний үнэ өчнөөн хувиар нэмэгдчихлээ. Огт ажлаа хийж чадахгүй байгааг гадаа зам дээр гурав нугарсан шатахууны дараалал бэлээхэн баталж байгаа шүү. Үүнийгээ дагаад таксины болоод өргөн хэрэглээний барааны үнэ мөн нэмэгдсэн. Энэ бүхэн эргээд бууна гэж байхгүй. Нэг бол энэ чигээрээ тогтоно, үгүй бол дахиад л өснө. Үр дүнд нь монгол төгрөгийн ханш улам унана. Тэгэхээр монголчууд бидэнд энэ өвлийг шатахуунгүй л давах том даваа тулгарч байна.
Шатахуунгүй өвөлжих гэсэн нэг том давааны ард дахиад нэг даваа гарч ирсэн нь шахмал түлшний хүрэлцээ болчихлоо. Тавантолгой түлш компанийн зүгээс өгсөн мэдээллээр бол нийслэлийн хэмжээнд 446 борлуулалтын цэгээр хоногтоо 2000 тонн түлшийг нийлүүлж байгаа гэнэ. Гэхдээ нэг айл долоо хоногт долоон шуутай түлш худалдан авах боломжтой юм байна. Гэвч хэрэглэгчид бөөнөөр нь авах хүсэлтэй, ядаад долоо хоногт 14 шуудайг авдаг болох хүсэлтэй байгаагаа Тавантолгой түлш компанийн удирдлагууд гаргасаар байгаа юм билээ. Энэ ч аргагүй, огцом хүйтэрлээ гэж бодоход нормтой түлш нь хүрэхгүй байх эрсдэлтэй. Дээрээс нь хөдөө гадаа олон хоногоор явахдаа ар гэртээ түлэх түлшийг нь нөөцөлж өгчихмөөр байдаг. Тэгэхгүй бол үлдсэн хүмүүс нь түлшээ татаж авч чадахгүй бол хэрхэх билээ гэдэг асуудал ч гардаг л биз. Энэ мэт хязгаарлалтаас нь болоод сүүлийн үед “Шахмал түлшийг нэг тонноор нь хүргэж өгнө” гэсэн цахим залилан ихээр гарах болжээ. Нэг ёсондоо энэ бол засаг төр нь иргэдийнхээ хэрэглээг нь хангаж чадахгүй байгааг далимдуулсан нөхдүүдийн л арга заль л даа.
“Даарин дээр давс” нэмж байгаа бас нэг зүйл нь цахилгаан эрчим хүчний найдвартай байдал, чадлын дутагдал. Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөлттэй гардаг. Гэтэл энэ хэрэглээгээ хангах эх үүсвэрийг хийж чаддаггүй. Гуравдугаар цахилгаан станцад гарсан томоохон ослыг яг найдвартай засаж чадсан уу, дахиад ийм асуудал гарахгүй гэх баталгаа байна уу гэсэн асуултад хариулж чадах албан тушаалтан хайгаад олдохгүй. Оросоор засуулна гээд 50 сая ам.доллар өгч байсан. Энэ нь бүр чимээгүй болж өөрсдөө 90-ээд тэрбум төгрөгөөр 12 дугаар сард засварлаж дуусна ч гэнэ үү. Эрчим хүчний яамнаас зөвхөн оргил ачааллын үеэр хэрэглэгчдийнхээ хэрэглээг хязгаарлана гэсэн зүйл л ярьж байгаа. Энэ салбарыг чухам л зах зээлийн зарчмаар нь хөгжүүлээд, реформ хийгээд иргэдийн нуруунд ирдэг ачааллыг бууруулна гэж үнэ нэмсэн. Энэ оны долдугаар сард дахиад нэмсэн. Гэвч үе, үе тасардаг байдал арилахгүй л бололтой. Дээрээс нь айл өрх цахилгааныхаа төлбөрийг төлөлгүй нэгээс хоёр хоног хугацаа хэтрүүлэхээр мэдэгдэлгүй шууд хязгаарлачихдаг. Гэтэл олон улсад тухайн айл яагаад төлбөрөө төлж чадахгүй байна гэдгийг судлаад үнэхээр эдийн засаг, санхүүгийн асуудалтай байгаа бол халамжид хамруулдаг тогтолцоотой байх юм. Хувийн машинаа унаад явъя гэхээр шатахуун байхгүй. Хөлдөж үхэхгүйн тулд галаа түлээд сууя гэхээр шахмал түлш нь хязгаартай. Дээрээс нь анхдагч хэрэгцээ болох эрчим хүчийг нь тасалчихдаг. Ийм нөхцөл байдалтай ард түмнээ яаж амьдар гээд байгаа юм бэ, Засгийн газар аа.
Байдал нэгэнт иймдээ тулж улс орноороо ул руу гулсаж байгаа энэ үед ард түмэн амиа бодох цаг болжээ. Амь, амьдралаа бодно гэдэг нь өнөөх л сонгууль. Бидэнд байгаа нэг том эрх мэдэл бол улс төрийн сонгууль юм. Ардчилсан нийгмээс олж авсан хамгийн том эрх чөлөө ч гэж хэлж болно. Гэвч бидний ихэнх “Өнөөдрийн өөх”-ийг чухалчилж, таваг идээ, таван төгрөгнөөс саналаа худалдаж ирсний гор өнөөдөр ингэж гарч ирж байна. Энэ хэвээрээ явбал улсаараа дампуурч, ард түмэн өлсөж, осгож үхэх байдалтай ч нүүр тулна биз. Үүнийг засах ганц боломж нь ойртон ирж буй сонгуулиуд. Дотроо бодолтой, дороо суурьтай хандаж шатахуунаа олоод ирдэг, шахмал түлшээ хангалттай үйлдвэрлэчихдэг, цахилгаан тасалж, ард түмнээ аргагүй байдалд оруулаад байдаггүй нам, эвслийг олж сонгох хэрэгтэй байна.
Энэ гурван зүйл бол уг нь хүнээ боддог нийгэмд зүгээр л анхдагч хэрэгцээ юм шүү дээ. Гэтэл ард түмнийхээ ийм заяагдмал хэрэгцээ, эрхийг ч хангачихаж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс угтан ирж буй сонгуулиудад хариуцлагатай, ухамсартай хандсан нь бидний ирээдүйн амьдралыг шийднэ.
Т.Дарханхөвсгөл
